Гурван өгүүлбэрээр:
Даруухан төсөөлөл
2023 онд Монгол Улсын эдийн засаг 4.4 хувиар өсөх төлөвтэй ч экспорт хэвийн түвшинд хүрч, зээлийн тасалдал, нийлүүлэлтийн шинэ "шок" үүсэхгүй байх тохиолдолд энэхүү төсөөлөл биелэх боломжтой гэж Монголбанк үзэж байна. Энэ онд Монгол Улсын эдийн засгийн тэлэлтийг ОУВС 5 хувь, Дэлхийн банк 5.5 хувь, Азийн Хөгжлийн банк 4.9 хувь байна тооцоолсонтой харьцуулбал Монголбанкны төсөөлөл харьцангуй доогуур байгаа юм. Харин Монголбанкнаас шинжээчдийн дунд явуулсан санал асуулгаар эдийн засгийн өсөлт 2023 оны I улиралд 3.8 хувь байх бол III улиралд 4.3 хувь хүрч эрчимжих төлөвтэй байгаа аж.
₮1.3 их наядын зөрчил
Хөгжлийн банкны нээлттэй сонсголын хоёр дахь шат эхэлж, нийт 59 гэрчийг дуудан асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээлснээр 2016 онд байгуулагдсан ажлын хэсэг 21 хоногт шалгалт хийхэд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд Хөгжлийн банк үндсэндээ дампуурсан нөхцөл байдал тогтоогджээ. Тухайн үед Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар байсан тул гадаад зах зээлд сөрөг мэдээлэл тарна гэж үзээд мэдээллийг Засгийн газар нууцад хамруулж байсан аж. Түүнчлэн Монголбанкны 2021 онд хийсэн шалгалтын актаар 1.7 их наяд төгрөгийн зээл чанаргүй болж, эргэн төлөгдөх боломжгүй эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарсныг сонсголд гэрчээр дуудагдсан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлсэн юм.
Байр суурь
"Төрийн өмчит компаниудын уул уурхайн салбар дахь оролцоо маш их байна. Хоёрдугаарт Төрийн өмчим компаниуд маш их хөрөнгө, активыг удирдаж явдаг гэдэг утгаараа эдийн засагт үзүүлэх нөлөө нь их байна. Авлигын эрсдэлийг бууруулах, нөгөө талаас макро эдийн засгийг удирдахад тэд том үүрэг рольтой болчихлоо. Энэ олон жилийн хугацаанд ТӨК-иудын тоо л нэмэгдээд байхаас асуудлууд нь шийдэгдэж байгаа нь харьцангуй бага байна. Миний бодлоор нэгдүгээрт ТӨК-иудад хэн ямар үүрэгтэй гэдгийг маш тодорхой зааж өгөх ёстой. Үүрэг ролийн давхцал ба зөрүү, ойлгомжгүй байдлыг арилгах нь эрх зүйн хүрээнд хийх ёстой асуудал" хэмээн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
"Түмэн шувуут"-ын өсөлт
Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлдэг "Түмэн шувуут" ХК-ийн орлого 2022 онд 28 хувиар өсөж, 46 тэрбум орчим төгрөг хүрсэн бол цэвэр ашиг нь дөрвөн хувиар өсөж 7.1 тэрбум төгрөг болсон байна. Энэхүү үзүүлэлт гарахад орлогын өсөлтөөс гадна инфляцтай холбоотойгоор борлуулалтын өртөг нэмэгдэж, 32.2 тэрбум төгрөг хүрсэн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн 2022 оны эхний гурван улиралд өндөгний үйлдвэрлэлээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 орчим хувиар буюу есөн сая ширхгээр нэмэгдүүлснийг онцолжээ.
ХААБ-ийн арилжаа
Нэгдүгээр сард Хөдөө аж ахуйн биржээр 19 удаагийн арилжаа зохион байгуулагдаж, нийт 145 хэлцлээр 19.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалагджээ. Тухайлбал: 19 мянга 200 тонн ноолуур, 600 мянган тонн ямааны завод ноос, 2000 тонн хонины ноос арилжсан байна. Сүүлийн байдлаар ямааны ноолуурын жигнэсэн дундаж үнэ 224 мянган төгрөг байгаа нь хамгийн өндөр дүнгээсээ дөрвөн мянган төгрөгөөр бага тогтсон үнэлгээ боллоо.
Боомтын сэргэлт
2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар таван сая тонн, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаар 2.8 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байна. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу "Монголын төмөр зам" компани Шивээхүрэн-Сэхэ болон Бичигт-Зүүнхатавч боомтуудыг 15-20 км урттай төмөр замаар холбох бэлтгэл ажлыг хангаж буй. Боомтуудыг холбосон төмөр замыг энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулж, он дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.
Бүтээлч ашиглалт
БНХАУ Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо дуусгавар болгосноор иргэдэд багадаа 15 минут алхах зайд байхаар байрлуулсан шинжилгээний бүхээгүүд орон даяар хэдэн арван мянгаараа эзэнгүй орхигдоод байна. Тэгвэл тус улсын зарим бүс нутгийн засаг захиргаа, оршин суугчид эдгээр бүхээгийг шинээр ашиглах бүтээлч санаа бодож олжээ. Сужоу хот гэхэд л Сар шинийн баярын худалдаанд зориулан 30 орчим бүхээгийг бизнес эрхлэгчдэд үнэгүй олгож хүнс, бэлэг дурсгал, нутгийн амттан худалдаалах мухлаг болгон ажиллуулсан байна. Мөн хотын бусад хэсэгт бүхээгүүд номын сан болон хувирч оршин суугчдад ном унших, хандивлах боломж олгож байгаа аж. Энэ мэтчилэн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийн үед өрийн дарамтад орсон бүс нутгууд шинжилгээний бүхээгүүдийг дахин эргэлтэд оруулснаар хотууд зарим зардлаа нөхөх боломжтой болсон байна.
Зууны гамшиг
Турк, Сири улсын хил дагуух бүс нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, сүүлийн мэдээллээр 3800 гаруй хүн амиа алдаж, 15 мянга гаруй хүн гэмтэж бэртээд байна. Олон арван мянгаар тоологдох барилга байгууламж, мөн бүс нутгийн хий дамжуулах сүлжээ газар хөдлөлтөд сүйдсэнээр гамшигт нэрвэгдсэн иргэд өвлийн ид хүйтэнд орон гэргүй, халаалтгүй болоод байна. БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоан газар хөдлөлтийг "зууны хамгийн том гамшиг" хэмээн тодорхойлж, улс даяар долоо хоногийн гашуудал зарлалаа.
Аварга хэлцэл
АНУ-ын "Newmont" компани Австралийн алт олборлолтын хамгийн том компани "Newcrest Mining"-ийг 17 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьжээ. Энэхүү саналд компанийн нэгж хувьцааг 27.16 ам.доллароор үнэлэн авахаар тусгасан нь баасан гарагийн хаалтын ханшаас нь 21 хувиар илүү дүн болохыг "Newcrest" мэдээлсэн байна. Үнэт металл олборлолтын салбарт хамгийн томд тооцогдох энэхүү хэлцэл амжилттай болсноор "Newmont"-ийн зах зээлийн үнэлгээ 57 тэрбум ам.доллар хүрч, гарц нь 8.5 сая унц хүрэхээр байгааг тооцоолжээ. Үйл ажиллагааны зардал өсөж, шинэ орд илрүүлэх нь ховордох тусам томоохон уул уурхайн компаниуд зардлаа танаж, хөрөнгө оруулалт татах үүднээс нэгтгэл, худалдан авалтын аварга хэлцэл хийх нь сүүлийн үед нэмэгдээд байна.
Утсаар ярихаас айдаг уу?
Сүүлийн жилүүдэд "Zoom", "Slack" зэрэг ажлын байрны холбоо харилцааны шинэ хэрэгслүүд эрчимтэй газар авснаар хүмүүс хуучин шигээ утсаар ярьж мэдээлэл солилцохоос улам төвөгшөөдөг болжээ. Харилцааны сургагч Мэри Жэйн Коппст хандаж буй үйлчлүүлэгчдийн тэн хагас нь утсаар ярихаас айдаг, сандрал түгшүүр мэдэрдэг буюу "телефонофоби" хэмээх оноштой хүмүүс байгаа нь 20 жилийн өмнөхөөс 10 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Өнөөгийн 20-иод насны залуус голлон мессеж, чат бичиж өссөн учраас хүнтэй утасны цаанаас харилцах наад захын урлагт суралцаагүй байдгийг тэрбээр дээрх үзэгдэлтэй холбон тайлбарлаж байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Дэлхий дахинд байгалийн хий “ус, агаар шиг” хэрэгтэй байгааг “Shell”-ийн Гүйцэтгэх захирал онцлов
“SpaceX” сансрын хөлөг хөөргөлтийн чиглэлээр NASA-тай $100 саяын гэрээ байгуулав
“BMW” ачааны автомашинд зориулсан устөрөгчийн түлш түгээх станц байгуулна
Онцлох чарт
Өдгөө долоон их наяд ам.доллароор хэмжигдэж буй АНУ-ын биржээр арилжаалагддаг сангуудын хөрөнгө өсөлтийн эрчээ хадгалсаар 2028 онд 15 их наяд ам.доллар хүрнэ гэж "JPMorgan"-ийн хөрөнгийн менежментийн салбар тооцоолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.