Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаад зарим хүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Уг замыг барих сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тухайн үеийн өндөр албан тушаалтнууд болох дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны мэргэжилтнүүд, Авто замын газрынхан гээд нэлээд хэдэн хүнийг холбогдуулан шалгаад, заримынх нь үйлдлийг мөрдөгчид тогтоон шүүхээр шийдвэрлүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн гэнэ.
Тухайлбал, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Оргил-Эрдэнийг бусдаас хахууль авч, дээрх чиглэлийн замын тендерт оролцогчийг шалгаруулахад давуу байдал олгосон гэх үйлдлийг шалгаж дууссан байна. Тэрбээр өмнө нь Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж буй замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргоос Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км-ийн ажлыг гүйцэтгэгч “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтан Лиу Хоннианаас 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд 20 000 юанийн хахууль авсан үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдаж, улмаар 14 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн билээ.
“Дарханы зам”-ын гэх хэрэгт холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, хамгийн сүүлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг ч шалгаж дууссан гэнэ. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт буруутган яллагдагчаар тооцсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа нь дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна. Ж.Бат-Эрдэнэ Дархан-Уулын замын тендерийн үнэлгээний хорооны гишүүн байхдаа бусдад давуу байдал олгосон үйлдлийг нь ийнхүү шалгаж дууссан аж.
Дээрх хоёр албан тушаалтнаас гадна БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгуулахын тулд хахуулийг нь зуучилсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан З.Буяннэмэхэд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр хяналтын прокурорт нь санал хүргүүлсэн гэнэ.
Тэрбээр ЗТХЯ-ны Тендерийн үнэлгээний хорооныхонд нөлөөлж, БНХАУ-ын хөрөнгө “Чайна гео инженеринг корпорац” компанийг тендерийн шаардлага хангаагүй байхад давуу байдал олгуулсан үйлдэлд холбогдсон юм. “Чайна гео инженеринг корпорац” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байдаг. ЗТХЯ-наас уг аж ахуйн нэгжийн эсрэг зарга мэдүүлж, маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад З.Буяннэмэхийн оролцоотойгоор ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд зэрэг албан тушаалтны нөлөөгөөр сонгон шалгаруулалтын баримт бичгийг өөрчлөн, шүүх, арбитрын маргаантай оролцогчийг шалгаруулахгүй байх заалтыг нь хасаад “Чайна гео инженеринг корпорац” компанийг ялуулсан гэнэ.
Уг компани нь Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замын дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км-ийг нь барихаар болсон ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв тэмцэл эхэлж байгаа нь сайшаалтай. Энэ бүгд та бидний дунд төрийн нэр барьж ажил хийхээсээ авилгал авахыг бодсон, санасан бүхэнд хатуу сануулга болж байна. Цаашид хахуулын тэмцэлийг улам эрчжүүлэх хэрэгтэй.