Түгжрэлийн асуудал эрхэлсэн Монгол улсын сайд Ж.Сүхбаатар хаврын чуулганаар оруулах багц хуулиудын талаар мэдээлэл өглөө. Түгжрэлтэй холбоотой шийдвэрийг олон нийтийн 60-70 хувь нь эхэндээ дэмжээгүй байдаг. Зайсанг нэг урсгалтай болгосон жишээ үүнийг батална гэв.
УИХ-ын гишүүн, Түгжрэлийн асуудал эрхэлсэн Монгол улсын сайд Ж.Сүхбаатар:
-УИХ-ын дарга УИХ-ын хаврын чуулганаар түгжрэлийг бууруулах төслөө оруулж ирэхийг үүрэг болгосон. 18 хуулийг багтаасан багц хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлнэ.
Түгжрэлийг захиргаадалтын аргаар бууруулахгүй, яагаад гэвэл цаана нь хүний эрхийн асуудал хөндөгддөг учир. Иймд хуулийн арга замаар бууруулна. Тухайлбал,
-Түгжрэлийн бүсийг тогтоох,
-Нийтийн тээврийг хөгжүүлэх,
-Төр, захиргааны байгууллагын уялдаа холбоог олох,
-Шинэ тойрог замыг бий болгох,
-Нэгдүгээр эгнээгээр автобус явуулахаар хэвшүүлэх гээд олон зүйлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түгжрэлийн бүсүүд Улаанбаатар хотод хэд хэд байна. Бага тойруу, тэр дундаа 4-р дэлгүүрийн хойд уулзвар, Зайсан, Яармаг, Саппоро, Баруун Зүүн 4 зам зэрэг газрууд байна. Түгжрэлийн бүс тогтоож байгаа бол төлбөрийн систем заавал үйлчилнэ. Гэхдээ дан ганц төлбөрөөр асуудлыг шийдэгдэхгүй.
Миний хувьд, нийтийн тээврийг хөгжүүлэх, түгжрэлтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг бий болгохыг нэн тэргүүний зорилт болгоод явж байна. Яагаад нийтийн тээврийг хөгжүүлэхийг урьтал болгоод байгаа юм бэ, наадах чинь буруу шүү гэж зарим нь яриад байгаа. Түгжрэлийг хэрхэн бууруулах талаар өглөө оройгүй бодож байгаа ганц хүн нь би. Сайд болонгуутаа би нийтийн тээврээр явж асуудал хаана байгааг харсан. Намайг зорчоод явж байхад арын хүүхэд "Ах аа, хаана явж байна вэ?" гэж асуусан. Харахад цонх нь цантаад, хаана явж байгаагаа мэдэж чадаагүй учраас цонх нь цантдаггүй шинэ автобуснууд оруулж ирсэн.
Олон улсын туршлагыг судлахад, түгжрэлтэй холбоотой гаргасан шийдвэрийг олон нийтийн зүгээс маш их эсэргүүцдэг юм билээ. Ер нь бол 50 хувь нь шууд эсэргүүцдэг. Заримдаа 60-70 хувь нь ч дэмжээгүй байдаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам зөв нь батлагддаг. Сая л гэхэд, Зайсанг нэг чигийн урсгалтай болгоход эхэндээ хүмүүс эсэргүүцээд, орк шийдвэр гээд л байсан. Жижиг сажиг асуудал байсан ч гурав дахь өдрөөсөө хэвшээд, нэвтрэлт нь хурдан болоод ирсэн.
Гэтэл зарим нь "Ж.Сүхбаатар гэж түгжрэлийн сайдтай болсон биш түгжрэл нэмэгдсэн" гэж яриад байгаа. "Түгжрэлийн сайдаар юутай байна?" гэхээр нь би "Түгжрүүлэгч таниар сонин юу байна?" гэдэг болсон. Нэгдүгээр эгнээгээр машин зорчуулахгүйн тулд 21 хоног арга хэмжээ авсан. Хүмүүс эсэргүүцээд л байсан. Цагдаа зогсохоо болингуут 1-р эгнээгээр эргээд зорчоод эхэлсэн. Иргэдийн ухамсрын асуудал бас байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.