Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 06-10-ны өдрүүдэд болно.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Хөгжлийн банкны Нотлох баримтыг шинжлэн судлах анхны дахь сонсгол таван өдөр зохион байгуулагдаж, 60 компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж, гэрчүүдээс тайлбар, мэдээлэл авсан. Нийтдээ давхардсан тоогоор 306 гэрчийг дуудсанаас 175 нь оролцсон байна. Мөн Монгол Улсын ерөнхий прокурорын газраас хоёр, Авлигатай тэмцэх газраас гурав, Цагдаагийн ерөнхий газраас гурав, Сангийн яамнаас хоёр хүн ажиглагчаар оролцсон байна. Сонсгол зохион байгуулагдах таван өдрийн хугацаанд нийтдээ түр хороонд 39 албан бичиг, 32 өргөдөл хүсэлт ирсэн.
Ирэх долоо хоногт болох хоёр дахь удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
Нэгдүгээрт, Хөгжлийн банканд хийгдэж байсан хяналт шалгалтыг хэлэлцэх үүднээс 21 албан тушаалтанг гэрчээр дуудна. УИХ-ын гишүүн, сайд Ч.Хүрэлбаатар, тухайн үеийн Монголбанкны удирдлага, Хөгжлийн банкны удирдлагуудыг дуудна.
Хоёрдугаарт, Ди Би Эм лизинг компанийн үйл ажиллагаа, санхүүжилтийн үр дүнг хэлэлцэнэ. 40 орчим санхүүгийн түрээсийн үйлчилгээ үүссэн байна. Эргэн төлөлт хангалтгүй байгаа, нэмж тодруулах шаардлагатай 10 орчим санхүүгийн түрээстэй холбоотой хэлцлүүдийг ярилцана. Нийт 35 гэрчийг дуудна.
Гуравдугаарт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг сонсоно. 350 орчим төсөл хөтөлбөр байгаа. Гэрчээр нийт 43 хүнийг дуудна. Энэ долоо хоногт гэрчээр дуудах иргэдийн тоо нэмэгдэх магадлалтай юм. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Молор констракшн ХКК-ийн хувьцаа эзэмшигч н.Эрдэнэ, Шинэ төмөр зам төслийн хүрээнд нэлээн олон хүн дуудагдахаар байгаа, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Монголын төмөр замын дарга байсан Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан н.Цогтбаатар, "Түмэн хишигтэн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин гэх хүмүүсийг гэрчээр дуудна гэж төлөвлөсөн.
Хөгжлийн банкны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсголыг ажлын гурван өдөрт багтаана гэж тооцоолж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Man namiinhniig hezee shalgahiinBattulgiig l ergen toirniihontoi ni shalgaad bhiin