СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алттай шороо “хураасан” тагнуул, цагдаагийнхны хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Архангай аймгийн Тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан, бэлтгэл хурандаа А.Гарамгайбаатар, тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн ахлах мөрдөгч, ахмад М.Ванчиндорж, Жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч Л.Эрхэмбаяр нар болон тэдний өмгөөлөгчид Улсын дээд шүүхэд хандсаныг Эрүүгийн танхимын шүүгчид нь хэлэлцэхээс татгалзлаа.

Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Чулууны нуруу гэдэг газар дахь ашигт малтмалын үндсэн ордоос хууль бусаар алт олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг цагдаагийнхан 2019 оны арванхоёрдугаар сарын 28-нд зогсоож, эрдсийн агууламж бүхий 12 шуудайтай шороог нь хураан авсан аж. Энэ үед тэнд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Л.Эрхэмбаярт М.Ванчиндорж, А.Гарамгайбаатар нар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай шороог ердийнхөөр сольж авч үлдээд, хураасныг нь ачиж явуулах үүрэг өгсөн аж. Улмаар уг 12 шуудай алттай шороог  хууль бусаар олборлосон хүмүүстэй хамтарч Өвөрхангай аймгийн Хархорин сумд байрлах тээрэмд нь аваачин тээрэмдүүлж, албан тушаалаа урвуулан ашиглан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт дээрх офицеруудыг буруутгасан билээ.

Тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сард хэлэлцээд А.Гарамгайбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг гурав, М.Ванчиндорж, Л.Эрхэмбаяр нарынхыг тус бүр хоёр жил хасаж, гурвууланг нь 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сард шүүгдэгч гурван хүн, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.102

Хархоринд тэр алтны тээрэм хаана байдаг юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.