СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Учралын хууль учиртай юу!!!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлагдаад удаагүй байна. Уг хууль нь иргэдийн үгээ хэлэх эрх чөлөөг хаалаа гэх байр суурьтай хүмүүс байгаа ч уг хууль батлагдах нь маш зөв гэж үзэх байр суурьтай иргэд ч бий. Иргэд, олон нийтийн төлөөллийн байр суурийг хүргэж байна. 

Улс төрч О.Баасанхүү:

-Дэлхий дээр улс болгон иймэрхүү хуультай болсон. Энэ хуулийг дараах гурван шалтгааны улмаас дэмжиж байгаа. Нэгдүгээрт, сошиал гадуурхал буюу хүмүүсийг нас хүйс, гарал үүсэл, ажил мэргэжлээр нь гадуурхах үзэгдэл нийгмийн сүлжээнд газар авсан. Хоёрдугаарт, тодорхой эзэнгүй хаягаас гаднын тусгай байгууллагууд Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг сарниулах зорилгоор тодорхой хүнийг харлуулах, үндсэн хуульт байгууламжийг хааж бооё гэсэн үйл ажиллагааг тараадаг. Гуравдугаарт, бага насны хүүхдэд ямар ч цензургүй хориглосон контент тараадаг. Жишээ нь хар тамхи гоё сайхан гэх мэт.

Улс төрч Л.Гүндалай:

-Н.Учрал гишүүний хуульд учир байна аа. Хүний эрхийг хорьсон, хаасан зүйл энэ хуульд байхгүй юм билээ. Зориуд хийж байгаа цахим халдлага, хөлсний бичээчдийн хийж байгаа муу муухай бүхэн дээд цэгтээ хүрсэн шүү дээ. Ийм гүтгэлэгт байнга өртөж байдаг хүний нэг нь би юм. Интернэт орчинд манай монголчууд хэт дураараа загнаж байгаа, үүнийгээ үг хэлэх эрх чөлөө гэж үзэж байгаа нь маш буруу. Бусад оронд хүүхдэд үзүүлдэггүй, интернэт орчинд хаадаг зохицуулалт байдаг, манайд ийм зохицуулалтыг мөн хийх ёстой. Нийгэмд хор уршиг тарьж, монголчуудыг талцуулж харанхуй байлгаж байгаад захирах гэсэн гадна, дотнын санаархлыг хааж байж бид цааш хөгжинө.

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар:

-Н.Учралын хуулийг уншиж үзлээ. МАН-АН, мөнгө төгрөг хулгай хийсэн хүмүүсийн эргэн тойронд хуурамч троллуудаар дүүрэн бүлэглэл бий болсон. Энэ хуулиар хүний эрхийг зөрчсөн юм алга. Харин хуурамч хаягийн цаанаас хүнийг элдвээр бичдэгийг хориглосон байна. Би лав хулгайчдын үнэнг хэлээд, бодит царай зүстэй хаягаараа тэмцдэг. Гэтэл хэдэн нөхөд авлигачдаас мөнгийг нь авч гэрээ хийгээд "А.Отгонбаатар шантаажчин тэгдэг ингэдэг" гээд нэр усгүй хаягаар дандаа бусдыг гүтгэдэг шдээ. Энэ гүтгэлгийг зөв гээд байгаа юм уу. Би буруу гэж бодож байна. Нийгэмд шударга ёс тогтооё гэвэл өөрийн хаягаараа мэдээллээ өгч байгаач. Хуурамч хаягийн цаанаас хүнийг гүтгэх нь зөв, эрх чөлөөнд халдлаа гээд байх юм. Өөрийн гэсэн тархи толгойтой байя л даа. Н.Учралын хуулийг буруу байна гээд өөрөө уншиж үзээгүй байж сэвээд байдаг явдлаа больцгооё. Нийгмээ зөв байлгая гэвэл өөрсдөө зөв байя.  

Яруу найрагч Д.Галсансүх:

-Троллуудын бүхэл бүтэн арми бий болчихсон цаг шүү дээ. Үнэхээр хүн шүүмжилмээр байгаа юм бол нэр нүүрээ ил гаргаад "алалцъя". Нэр нүүргүй шүгэл үлээгч болох гээд хариуцлагаас зугтаж байна. Би бол өөрийн албан ёсны зурагтай хаягаараа цахим орчинд үзэл бодлоо илэрхийлдэг.  
Юундаа байгалийн зураг, хаягтай тролл ажиллуулж хүн гүтгэх гээд байгаа юм бэ. Н.Учралын хууль гарсан нь маш зөв. Би их баяртай байна. Өнөөдөр энэ хуульд ямар хүмүүс дургүйцэж байна гэвэл нэр нүүрээ нууж хүн гүтгэдэг, хайхаар олдохгүй, гүтгэлгээр бизнес хийгээд сууж байгаа хүмүүс л уурлаад байна. 

Өмгөөлөгч Д.Одонтунгалаг:

-Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийг хамгаалах эрх зүйн орчин хангалттай биш байна. Цахим гэмт хэргийг илрүүлэх хэргийн явц хугацаа их авдаг. Тэр хугацаанд хохирогчийн эрх зөрчигдсөөр байдаг. Шүүхээр нэр төрийг сэргээх явц явагддаг ч хувь хүндээ хүнд хэвээр үлддэг. Шүүх сэтгэл санааны хохирлыг барагдуулах хэм хэмжээ Азийн орнуудын эрхзүй шиг сайн хөгжөөгүй байна. Сэтгэл санааны хохирлыг тухайн хохирогч өөрөө нотолсон ч шүүх тэрийг нь баталгаажуулж өгдөггүй нь харамсалтай. 

Иргэн Б:

-Н.Учралын энэ хууль байсан нь зүгээр. Мэдээлэлгүйгээс иргэд буруу зөрүү юм тавиад, хүүхдүүдэд нөлөөлөөд байна. Дээрээс нь зорилготойгоор бага насны хүүхдэд нөлөөлөх янз бүрийн мэдээллийг ямар ч шүүлтүүргүй цацаад байна.

Иргэн С:

-Ойрын хэдэн жилд өсвөр үеийн хүүхдүүд нэгнийгээ доромжлох сөрөг хандлага онлайнд их байна шүү дээ. Зөвшөөрөлгүйгээр нэгнийхээ зургийг авч тавих, жоке хийх гэх мэт. Ямар ч бичлэгийн дор сөрөг коммент маш их байдаг. Тэр хүн юу ч бодохгүй бичлээ ч гэсэн цаана нь хүний нэр төр байна. Хараалын үгсийг багасгах ёстой. Тэр хүний сэтгэлд маш том сэв үлдээдэг.

Өмгөөлөгч Д.Оросоо:

-Нотлох баримт бол өөрөө маш эмзэг асуудал. Хүний нэр төр алдар хүндийг гутаасан пост бичсэн этгээд гомдол гаргангуут постоо устгадаг. Хохирсон хүн мэдээж уг постыг скрийншот хийгээд хадгалсан байдаг. Нөгөөхөө мөрдөгчдөө өгөхөөр шүүх "Ерөнхийдөө бичсэн нь ойлгомжтой байна" л гэж үздэг. Нарийн үзлэг хийхээр постоо устгасан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх явцыг удаашруулж байна. Гүтгэгч нарт маш том давуу тал бий болгож байна. Цагдаа яаж ч чадахгүй гэсэн байдалтай. Иргэний эрх энэ салбарт үндсэндээ орхигдсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
49.0.135.174

Тролуудтай тэмцэх санаа байгаа баоловч өнөөгийн манай томчуудад хэзээ хууль үйлчилдөгийн. Бидэнд нь л үйлчилсэн хууль л болно. Орчин нөхцөл нь бүрдээгүй гэж үзэж байна

Зочин
1 жилийн өмнө
43.228.129.115

Хааж боох нь хамгаалах арга биш Иргэдээ чадавжуулж дархлаатай болгох хэрэгтэй баймаар юм

Зочин
1 жилийн өмнө
43.228.129.115

би лав энэ мэдээнд итгэхгүй байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.