АТГ-аас 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өгч байна.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн:
-Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хяналт шалгалтаар 2022 онд 366 албан тушаалтны ХОМ-ийг шалгасан. Шалгасан мэдүүлгийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хянан шилжүүлсэн мэдүүлэг 50 нэгжээр өссөн байна. Мөн 2022 онд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар нийт 612 гомдол мэдээлэл ирж, хянан шийдвэрлэсэн. Шийдвэрлэлт 95.6 хувьтай байгаа нь өмнөх оноос 101 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 14695 иргэний мэдүүлгийг шалгаж, холбогдох байгууллагад хүргүүлсэн. Өнгөрсөн 2022 онд нийт хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оноос 300 нэгжээр өссөн үзүүлэлт юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Батбилэг:
-Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 62 мөрдөгч ажиллан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11, нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаагаар 127 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах явцад нийт 66 хүнийг яллагдагчаар татаж, 26 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан.
Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор долоон яллагдагч цагдан хоригдож байна.
Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагчид аваад байна.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум) төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор
81 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 78, оффисын 3 талбай),
43 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,
35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээг
4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.
Төрийн өмчит компанийн удирдах ажилтнаар ажиллаж байсан этгээд нь Тавантолгой компанид хөрс хуулалт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компанитай гэрээ байгуулсныхаа шанд хахууль авч, улмаар тус мөнгөөрөө Хан-Уул дүүрэгт 4.6 га талбай бүхий газарт спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн байна. Гэмт хэргээс олсон орлого гэдгээ мэдсэн хэдий ч тус мөнгийг ашиглаж барилга барьсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.