СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсын начин А.Хатансайхан тэргүүтэй Замын-Үүдийн албан тушаалтнуудад ял оноов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Өмнөд хил хаалттай, ачаа тээвэр хилээр нэвтрүүлэхэд хүндрэл үүссэн цар тахлын жилүүдэд Замын-Үүд сумын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож байсан билээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2021 оны долдугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумд ажиллаж, тухайн үеэс эхлэн тэндэхийн төрийн албан хаагчдыг авлига, албан тушаалын хэрэгт шалгаж эхэлснийг өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Замын-Үүд дэх Сум дундын шүүх уг төрийн албан хаагчдын холбогдсон хэргийг тав хоногийн турш хэлэлцэн шийтгэх тогтоолоо гаргажээ.

АТҮТ-ийн дээрх сум дахь салбарын дарга, улсын начин А.Хатансайхан, Замын цагдаагийн хэсгийн дарга, хошууч Х.Уранбаяр, “Зам, тээврийн хөгжлийн төв”-ийн харьяа “Замын-Үүд” төлбөр авах цэгийн ахлах ажилтан С.Саруул, оператор Б.Уянга нарыг Монгол Улсын MNS4598:2011 стандартад заасан авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү жинтэй, даац хэтрүүлсэн ачаатай тээврийн хэрэгслүүдийг Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд зорчиход жинлэлгүй, төлбөр авах цэгээр саадгүй нэвтрүүлэх үүрэг өгч, явуулсан хэрэгт холбогдсон.

Ингэхдээ Х.Уранбаяр нь 400-500 мянгаас эхлээд зургаан сая хүртэлх төгрөгийн хахууль авсан нэг бус үйлдлийг АТГ-ынхан шалгаж тогтоосон байдаг. Мөн С.Саруул 200 мянгаас нэг сая хүртэл хэмжээний төгрөг хахуульд авч байсан нь батлагдсан юм.

Мөн А.Хатансайхан нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2021 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд Замын-Үүд хилийн боомтоор БНХАУ руу нэвтэрч ачаа ачихаар иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслүүд ирсэн дарааллаараа дугаарласан байхад тэр дараалалд ороогүй автомашинуудыг нэвтрүүлэхийн тулд албан тушаалаа урвуулан ашигласныг ч АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон аж. Дээрх албан тушаалтнуудад Замын-Үүд сумын I цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сүглэгмаагаас авхуулаад ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдсэн иргэн Б.Мягмаржав, Б.Баярбат, Э.Эрхбаяр, Б.Гансүх, Г.Амгаланбат, Г.Доржсүрэн, Д.Насанбат, М.Лундаажанцан, Ч.Батхүү, И.Баттамир, Э.Отгон-Эрдэнэ хахууль өгснийг АТГ-ынхан мөрдөн шалгаж тогтоосон байдаг. Эл хэрэгт Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Н.Алдарбаярыг холбогдуулан шалгасан ч шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт түүний үйлдлийг хэлэлцээгүй аж.

Замын-Үүд дэх Сум дундын шүүхээс улсын начин А.Хатансайханд нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, найман сая, Б.Уянгад төрийн албанд ажиллах эрхийг найман жил хязгаарлаж, 16 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин замын цагдаагийн хошууч Х.Уранбаярт нийтийн албанд ажиллах эрхийг нь долоон жил хасаж, нээлттэй хорих ангид гурав, С.Саруулын төрд ажиллах эрхийг нь найман жил хязгаарлаж, дөрвөн жил хорих ял оноосон байна. Бусад 12 шүүгдэгчийн нийтийн албанд ажиллах эрхийг 2-4 жил хасаж, 3-12.4 сая төгрөгөөр торгохоор болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.26.194.15

замынүүдэд газрын талаар нухацтай шалгах хэрэгтэй байна

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.114

Хөөе эдний шийтгэл нь шагнал болцын биш үү торгууль нь маш бага байна аа зүгээр л нэг өдрийн халаасных нь мөнгө ш дээ өшөө олон хүн дутуу байна Ганболд Мавлет Нямдаваа гээд л зөндөөн авилга гударсан нөхөд алга даа пүүн дээр суудаг бүдүүн авилгач Манлайбаяр ч алга үнэн арчаагүй авилгачид шүү дээ жижиг гарын том авилгачид бүгдийг нь шорон амсуул л даа худлаа торгосон болоод л өнгөрөх юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.