СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-21

Г.Занданшатар: Монголчууд бид түүхэн сонголтын өмнө ирээд байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр өндөрлөж, УИХ-ын дарга Г.Занданшатар хааж үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс анхаарал татсан хэдэн үгэнд анализ хийж та бүхэнд хүргэе. Хэлсэн үг нь бүхэлдээ ҮХНӨ рүү чиглэжээ. 

УИХ-ын дарга сүүлийн хэдэн жил "Зөвшилцөх ардчилал" гэж их ярих болсон. Оксфордын зочин судлаач байхдаа энэ талаар гүнзгийрүүлэн судалж, хэд хэдэн ном гаргаж байсан. Энэ агуулгын хүрээнд “Ард түмнээ сонсъё” аяныг УИХ-аас хэрэгжүүлнэ гэдгээ өчигдөр мэдэгдлээ. 

Аяны хүрээнд Их хурлын гишүүн бүр тойрогтоо ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодол, байр суурийг сонсож, саналыг авч, эргээд УИХ-д тайлагнан, саналуудыг нэгтгэнэ гэв. Энэ бол ҮХНӨ рүү чиглэсэн УИХ-ын Тамгын газрын нэгэн том арга хэмжээ болно гэж үзэж байгаа бололтой.

Эдүгээ төр хамгийн олон ажилчинтай, хамгийн баян болж хувираад байгаа. Төрд 220 мянган хүн ажиллаж, төрд орсон ямар ч хурган дарга цулайтал баяждаг тогтолцоотой болсон. Төрийг өмчгүй болгох, иддэг уудаг байдлыг таслан зогсоох арга нь хувьчлал, олон нийтэд нээлттэй компани болгох гэж иргэдийн төлөөлөл үздэг. УИХ ч энэ зүг рүү явна гэдгээ өчигдөр УИХ-ын дарга мэдэгдлээ. 

-Хувьцаат болон төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох, тэдгээрийн ТУЗ-ийг ард түмний төлөөлөл түлхүү байхаар өөрчлөн шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ирэх хаврын ээлжит чуулганаар Улсын Их Хурлаас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүү, тайлан, ил тод байдал, худалдан авалт, үр өгөөжийн байдалд анхаарч, нээлттэй сонсгол зохион байгуулж, анхаарч ажиллах болно гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит 20 орчим компанийг хувьчлах асуудлыг төсөвтэй цуг оруулсан боловч, УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг аваагүй юм. Төсөвтэй цуг оруулсан нь алдаа болсон гэж дүгнэсэн бололтой, дахин оруулж батлуулах нийгмийн хөрс суурь бэлэн болсон гэж үзсэн бололтой байна. 

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс хураагдсан 7,3 тэрбум төгрөгийн асуудал нийгэмд маш их дуулиан шуугиан үүсгэсэн. Үүнтэй холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн албан хаагчдад тооцох хуулийн хариуцлагыг чангатгах шаардлагатай байгаа талаар иргэд ярьж байсан. 

Энэ дагуу УИХ-аас холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Энэ талаар өчигдөр УИХ-ын дарга "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн этгээдийн хөрөнгө, орлогыг хурааж 2-8 жилийн хорих ял шийтгэдэг зохицуулалттай болсон" гэж мэдэгдэв. Гагцхүү хуулиа хэрэгжүүлж байгаа эсэх дээр иргэд болон хэвлэл мэдээлэл хяналт тавих шаардлагатай болжээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголчууд бид түүхэн сонголтын өмнө ирээд байна" хэмээн үгээ өндөрлөжээ. 

УИХ-д суудалтай болон суудалгүй намууд ҮХНӨ-ийг хаврын чуулганаар батлах дээр санал нэгдсэн гэх мэдээлэл байгаа. ҮХНӨ батлагдвал ирэх намар УИХ-ын ээлжит сонгууль болох магадлал өндөр болоод байна. ҮХНӨ-өөр дээд доод танхимтай байх эсэх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх, Улс төрийн намын санхүүжилтийн хуульд өөрчлөлт оруулах, хамгийн гол нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Урьдчилан таамаглаж байгаагаар УИХ-ын гишүүдийн тоо 150 хүртэл болох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тохирсон гэх мэдээлэл байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.179.2.114

150 хэрэггүй ээ

Ахмад настан МУ иргэн
1 жилийн өмнө
103.229.120.70

УИХн үил ажиллагааг харж баихад 40-50 гишүүн хуралд сууж баих юм. Гишүүд хуралдаа оролцдоггүи мөртлөө 39 дээш гишүүдиин саналаар хууль батлагдаад хүчин төгөлдөр хууль болж баигаа тул гишүүдиин тоо нэмээд хэрэггүи. 76 гаа тэжээж хүчрэхгүибаиж тоо нэмнэ гэж хэрэггүи шүү.

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.7

76-н хуралдаа суухгүй байхад 150-н гишүүн болоод хэрэг байна уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.