СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-20

Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.  

Тэрбээр хэлсэн үгэндээ, Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж 180 асуудал, Байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо 8 удаа, Хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцлээ. Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталлаа. Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ. Эмийн чанар, хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороод байгуулагдаж, нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгуулсан.

Намрын чуулган тавьсан зорилгоо биелүүлсэн гэж хэлж болохоор байна. Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байна. Өнгөрсөн 30 жилийн туулсан зам, ололт амжилт, алдаагаа эргэн харж, шинэ эргэлтийг эхлүүлэх түүхэн хариуцлага бидэнд ногдож байна. Түүхэн сонголт хийх шаардлага монгол үндэстэнд түүхэн цаг үеүдэд тулгарсаар ирснийг тэмдэглээд хөгжил дэвшлийн, шинэ ирээдүйн зүгийг тодорхойлох олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ. Нийт ард түмнээ төлөөлж бүрэн чадахуйц Бага олонлог энэ санал асуулгад оролцоно.  Монгол төрийн энэ чухал үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд, монгол түмэн хөгжлийн түүхэн сонголтоо хийхэд нь бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, түүний дотор ардаа төлөөлсөн Улсын Их Хурал, түмний элч болсон Улсын Их Хурлын гишүүд онцгой хариуцлагатай хандах ёстойг онцлон тэмдэглэв.

Гагцхүү хууль засагладаг шударга нийгмийг бий болгож, эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай. Эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглалын гээд 10 багц хуулийн хүрээнд эрх зүйн шинэчлэл хийх шаардлага УИХ-д тавигдаж байна. 

Эдийн засгийг төрөлжүүлэх багц хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Бүхнийг экспортод уриан дор импортыг орлох экспортыг нэмэгдүүлнэ.

Чуулганы завсарлагын хугацаанд ард түмнээ сонсох аян өрнүүлж, дээрх багц хуулиудын хүрээнд гишүүн бүр тойрогтоо ажиллана. Гэнэт хууль оруулж ирж батлагдлаа гэсэн шүүмжлэл дагуулах биш, амьдралд хэрэгтэй хууль батлахын тулд иргэдтэйгээ уулзах ажил назгайрсан байна. 

Ард түмний оролцоотой төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн хуульд тогтоох ажилд анхаарах биш баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хянан шалгадаг, эх орны баялгийн хуваарилалтад ард түмний хяналтыг тогтоож чадвал төлөөллийн ардчилал хэрэгжиж чадна гэлээ.

Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.