Монгол улсын Хөгжлийн банкны зээл, түүний зарцуулалттай холбоотой УИХ-ын нээлттэй сонсгол тав дахь өдрөө 29 тэрбумын зээл авсан "Изинис Эйрвэз" компаниар үргэлжиллээ. Тус компанийн цаад эзэд нь УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир, ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц нар гэдэг нь сонсголын үеэр тодорхой болов. Тэд худууд юм.
Учир нь тус компанийн 70 хувийг Тулга овогтой Эрдэнэ гэдэг 1991 оны залуу эзэмшдэг бөгөөд тэрээр Б.Хурцын хамаатны дүү гэдгийг сонсголд оролцсон УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын охин Э.Золзаяа мэдээлэв. Тэрээр тус компанийн 30 хувийг эзэмшдэг байна.
"Изинис эйрвэз" компанийн зээлсэн 29 тэрбум төгрөгийн 19 нь анхаарал татсан зээлийн ангилалд орчихоод байгаа талаар эдүүгээгийн Хөгжлийн банкны удирдлагууд хэлэв. Учир нь тус компани зээл авсныхаа дараа "Богд" банкан дахь "Изинис эйрвэз" болон "Сарнайх" ХХК-ин 4.2 тэрбум төгрөгийн өрийг хаажээ /Сарнайх ХХК-ийн 66 хувийг Б.Хурцын эхнэр З.Сарнаа эзэмшдэг/. Мөн, Чингис хаан банкан дахь "Сарнайх" ХХК-ийн 2,1 тэрбум төгрөгийн бизнесийн зээлийг хаан, зориулалтын бусаар зарцуулжээ. Цаашилбал, хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ 1.7 тэрбум төгрөгийг бэлнээр авч зарцуулжээ.
Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгч дотор Засгийн газрын үйл ажиллагаа шүүмжилдэг хүмүүс байгаад байгаа" хэмээн хэлсэн нь АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Хурцыг дайруулж хэлсэн болж таарав. ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Улс төрд нөлөө бүхий хоёр хүний үед авсан зээл байна" хэмээн Б.Хурц, Л.Элдэв-Очир хоёрыг дайруулж хэлэв.
Хөгжлийн банкны эдүүгээгийн удирдлагын санааг зовоож байгаа /анхаарал татсан/ зээлийн нэг болчихоод байгаа энэхүү зээлийн хугацаа 2024 онд дуусна. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Оюундэлгэрийн өгүүлж буйгаар "Зээлээ хугацаанд нь бүрэн төлж барагдуулна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.