Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Invest Khovd–хөрөнгө оруулалтын форум 2023”-ыг 2023 оны 01 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Ховд хотод зохион байгуулж байна.
Тус форумыг баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт хөрөнгө оруулалт, авьяас чадвартай чадварлаг боловсон хүчнийг татах, тус аймагт байгаа хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, Ховд аймгийн болон Баруун бүсийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн уулзах тавцанг бий болгож хөгжлийн гарц, шийдлүүдийг хөдөлгөөнд оруулах зорилгоор тус аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа юм.
Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа:
-Баруун бүс нутагт энэ удаагийн арга хэмжээ болж байгаараа онцлогтой байна. Засгийн газрын зүгээс хөдөө орон нутаг руу чиглэх хөдөлгөөнийг дэмжих зорилгоор тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг санаачлаад явж байна. Манай улсын хувьд нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгт бичигддэг. Энэ ч утгаараа өнөөдрийн “Invest Khovd" арга хэмжээ маань нийслэлийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн хүн амыг өсгөх, бизнесийг хөгжүүлэх арга хэмжээг танилцуулахад орших юм. Эдийн засгийн боломжийг эрэлхийлсэн хүн бүрд манай аймаг нээлттэй гэдгийг илэрхийлэхийг хүссэн гэв.
Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын нээлтийн үеэр Ховд аймагт бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, татахад чиглэсэн боломжид чиглэсэн арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа танилцуулах юм байна.
Мөн форумын хүрээнд бизнес, аж ахуйн нэгжүүдийн “Khovd Expo” үзэсгэлэн худалдаа, “Hack for Khovd” хакатоны сүүлийн шатны шалгаруулалт болох юм байна.
“Invest Khovd–хөрөнгө оруулалтын форум 2023” арга хэмжээний хүрээнд “Эрчим хүчний сэргэлт”, “Баруун бүсийн хөрөнгө оруулалт ба аялал жуулчлал”, “Тээвэр логистик”, “Цахим шилжилт”, “Боловсон хүчин”, “Баруун бүсийн хөрөнгө оруулалтын боломж”, “Ховд хот ба барилгын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр салбар хуралдаан үргэлжилнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.