Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хөгжлийн банкнаас хамгийн өндөр үнийн дүнтэй зээл авсан ч өдгөө муу ангилалд ороод байгаа Хөтөл ХХК-ийн зээлээ зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг хэлэлцлээ.
Хөтөл ХХК нь Хөгжлийн банкнаас 2013 онд 61.2 сая ам.долларыг Цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлдөө зориулж авчээ. Өнгөрсөн хугацаанд зээлээс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд хүү, алдангитайгаа нийлээд 374 тэрбум 45 сая төгрөгийн өр төлбөр үүсээд байгаа аж.
Өнөөдрийн сонсгол дээр хурцаар яригдаж, үзэгчдийн хамгийн их гайхширсан зүйл нь Хөтөл ХХК нь тус зээлийг авахдаа 17 тоног төхөөрөмж барьцаалсан ба энэ нь 1.7 тэрбум төгрөгөөр л үнэлэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Т.Доржхандын дүгнэн хэлснээр ямар ч барьцаагүй /зээлийн 2 хувьд л барьцаа өгсөн/, ирээдүйгээс олох орлогоо барьцаалж зээл авсан, бизнесмэн бүрд олдоггүй зээлийг авсан болж таарав.
Хөгжлийн банкны эдүүгээгийн удирдлагууд ч "Мэдээжийн хэрэг барьцаа хөрөнгө маш хангалтгүй байгаа" хэмээн санаа алдаад сууж байх юм.
Худалдаа, хөгжлийн банкны харьяа Хөтөл ХХК нь авсан зээлийнхээ тодорхой хувийг өөрийн хамаарал бүхий компани руу шилжүүлж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад зарцуулсан баримтын талаар сонсгол дээр хөндлөө. Ямар ч барьцаагүй, эргэн төлөлтгүй, зөвхөн ирээдүйд олох орлогоо барьцаалсан энэхүү зээлийг авахад улс төрийн нөлөө байсан нь хэнд ч ойлгомжтой байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.