Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал нар танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-823 354 хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд орно. Нийт хүүхдийн 72 хувь тэтгэмжид хамрагдсан гэсэн үг. Өчигдөр олон нийтэд мэдээлэл хийснээс хойш 21 513 өрх өнөөдрийн байдлаар цахимаар мэдээллээ залруулах мэдээллээ илгээсэн бол 37 478 иргэн утсаар холбогдож мэдээлэл нягталсан байна. 22 389 иргэн сум болон хороондоо биеэр ирж мэдээллээ нягталжээ. Хүсэлт гаргасан 16 000 иргэний мэдээллийг залруулсан.
Иргэн та бүхнийг тайван амгалан байхыг хүсэж байна. Хүүхдийн мөнгө авах ёстой, 91 хувьд багтаж байгаа иргэний хүүхэд хоцролгүйгээр мөнгөө бүрэн авна. Өрхийн мэдээллийн сан дээр бүртгэлийн зөрүүтэй байдлын улмаас 91 хувиас хасагдсан иргэдийн мэдээллийг залруулахаар ажиллаж байна. 14-21 хоногт багтаж залруулга хийгдэнэ.
И-Монголиа систем ачаалал ихтэй байгаа тул тодорхой сааталд орсон ч холбогдох яам богино хугацаанд завсарласан.
ЦХХХ-ны сайд Н.Учрал:
-Төрийн үйлчилгээний нэгдсэн систем бол Имонголиа, төрийн үйлчилгээний үндсэн систем бол Хур. Хур систем өөрөө дэмжих системээр дамжиж, мэдээллээ татаж иргэдэд И-Монголиагаар дамжуулж мэдээлэл хүргэж байгаа. 2023.01.16-аас эхлэн хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхийг шалгах үйлчилгээг холбож оруулсан. 346 154 иргэний гар утсанд мсж байдлаар мэдэгдэл хүргэсэн. Мсж хүлээн авсан иргэдээс 109 717 иргэн Имонголиа системд орж баталгаажуулах байдлаар шалгасан байна. Ингээд холбогдох хүсэлтүүдийг ч өгсөн. Нэгэн зэрэг 300 гаруй мянган хүн системд хандаж байгаа нь энгийн үеийнхээс 15-20 дахин их гэсэн үг. Хэт их ачааллаас болж сервер унасан. Өнгөрсөн өдрүүдэд дата төв болон И-Монголиа академи ажиллаж нэмэлт төхөөрөмжүүдийг байршуулж, систем хэвийн үйлчилгээнд орсон.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан:
-Суурь бүртгэлтэй холбоотой иргэд эргэлзээгүй байх гурван шийдлийг гаргалаа. УБЕГ орон даяар болон гадаадад байх 50 консулын газраар дамжуулан иргэдээ бүртгэдэг. Байнгын хаяг дээр болон миний хаяг дээр өөр хүн байгаа эсэхийг хамгийн ойрын төрийн үйлчилгээний байгууллага дээрээ очиж нягталж болно. Мөн И-Монголиа системд хандаж шалгаж болно. Улсын бүртгэлийн сайт дээр маргааш гэхэд мэдээллүүд баталгаажсан байдлаар орно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.