Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр "Бэрэн" группийн зээлийн асуудлаар эхэллээ. Тус сонсголд УИХ-ын гишүүд, "Бэрэн" группийн удирдлагууд болон Хөгжлийн банкны удирдлагад ажиллаж байсан хүмүүс ирж оролцлоо.
"Бэрэн" групп нь 2013 онд Барилга, арматурын үйлдвэр барихад зориулж Хөгжлийн банкнаас зээл 69.1 сая долларын авснаас одоогийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдсэн хүү нийлээд 147.7 тэрбум төгрөгийн өртэй болоод байгаа юм. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар "Бэрэн" группээс 8.1 тэрбум ам.долларыг үндсэн зээл болон, хүүгийн төлбөрт төлжээ.
Сонсгол нь зээлийг зориулалтын дагуу зарцуулсан нь гэдэг дээр төвлөрсөн ба шинжээчийн дүгнэлтээр "Бэрэн" группийн ерөнхий захирал Б.Мөнхтөр 7.2 сая ам.долларыг хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь тогтоогджээ. Тухайлбал, сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Та казино тоглож байсан уу? Ж.Бадамжунай гэдэг хүнийг таних уу? гэсэн асуултад Б.Мөнхтөр:
-Казинод тоглож байгаагүй. Ж.Бадамжунайг танина. Манай Архангайгаас төрсөн улс төрч. Сингапурт таарч байсан гэж хариулсан ч Б.Мөнхтөрөөс Макао болон Сингапурын казиногийн АТМ-ээс мөнгө авч байсан баримтын талаар хариулахыг шаардахад,
-Шүүх дээр баримтаар нотолж чадна хэмээн булзааруулав.
Хөгжлийн банкнаас авсан зээлээр "Бэрэн" групп нь өөрийн хамаарал бүхий "Нэхээсгүй эдлэл" ХХК, "Атар өргөө" ХХК, "Бэрэнтрейд" ХХК-иудын зээлийг төлөхөд 5.7 сая ам.доллар шилжүүлсэн баримт гарч ирэв. Энэ нь зориулалтын бусаар зарцуулсан гэдэг хардлагыг улам лавшруулав.
Мөн, зээл авсны дараа 1.1 сая ам.долларыг бэлнээр авсан аж. Энэ талаар тус группийн нягтлан н.Энхмаагаас тодруулахад "Гадны компаниуд мөнгөө бэлнээр авах хүсэлтэй байдаг. Авсан мөнгөө захирал Б.Мөнхтөрд хүлээлгэн өгдөг" гэв.
"Бэрэн" группт энэхүү зээлийг олгоход "эрсдэлтэй" гэдэг дүгнэлтийг тус банкны ахлах эдийн засагч Б.Цолмон гаргасан боловч, дээрх өгүүлбэр Зээлийн хороо руу орохдоо "алга болжээ". Энэ талаар Б.Цолмон "Зээлийн хорооны хурлын хөтөлбөрийг тус хорооны нарийн бичгийн дарга боловсруулдаг" гэсэн "жижүүрийн үг"-ээр хаах гэж оролдов. Түүгээр ч үл барам, зээл хүссэн "Бэрэн" групп нь ХААН банканд зээлтэй байсан баримт гарч иржээ. Гэвч сонсгол дээр хүрэлцэн ирсэн Хөгжлийн банкны Зээлийн газрын дэд захирал асан Ч.Мөнхбаярын өгүүлснээр "ХААН банкнаас эргэлзээтэй зээл гэсэн зөрчлөө арилгасан бичиг авчирсан" учир зээл олгожээ.
"Бэрэн" групп нь Хөгжлийн банкнаас Барилга, арматурын үйлдвэр барихын тулд зээл авснаас гадна СБД-ийн 7-р хорооллын нутаг дэвсгэрт 720 айлын орон сууц авахын тулд нэмж 11.6 сая ам.доллар зээлжээ. Энэхүү зээлээс 3.6 тэрбум нь төлөгдсөн ба одоо хүү, болон нэмэгдсэн хүүтэйгээ нийлээд 39.9 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа аж. Энэхүү баримт нь тухайн үеийн эрх баригчид тус группийг бүхий л талаар дэмжсэнийг харуулж байгаа юм.
Энэ зээлээс улбаалж, эрсдэлтэй аж ахуйн нэгжийн тоонд орж байсан "Бэрэн" группт хоёр удаа зээл олгосон асуудал нь тухайн үед Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг дээр тохоогдох нь зүй болов. Харин энэхүү асуултад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Засгийн газрын тогтоол дээр 50 хүртэлх сая долларын зээл олгож болно гэж заасан байгаа. Энэ нь олгохгүй ч байж болно" гэсэн тайлбарыг өгсөн боловч, сонсгол дээр 3 минутын аудио бичлэгийг сонсгоход түүн дээр тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг "40,50 сая доллараар нь шийдчихье" гэж ярьсан нь тов тодорхой сонсогдож байх юм.
Асуулт асуусан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Батлут нарын дүгнэснээр "Анхнаасаа эрсдэлтэй гэсэн дүгнэлттэй компанид удаа дараа зээл олгосон. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. Шинжээчийн дүгнэлтээр чанаргүй зээлийн ангилалд орсон" гэдгийг тодотгосноор "Бэрэн" групптэй холбоотой сонсгол өндөрлөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.