СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-01-10

Манай улс коронавируст халдварын "өндөр эрсдэлтэй" гэж дүгнэгджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

-Нэгдүгээр сарын 9-ний байдлаар томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол улсын хэмжээнд сүүлийн гурван долоо хоногт тогтвортой нэмэгдэж байна. Амбулаториор үйлчлүүлэгчдийн 13 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад, гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна. Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлт улбар шар буюу алаг цог дэгдэлттэй байна. Өвчлөл үүсгэж, давамгайлан илэрч байгаа вирус бол томуугийн В хүрээний вирус байна. Түүнчлэн А H1N1, томуугийн А хүрээний вирус давамгайлан эргэлдэж, энэ удаагийн томуугийн дэгдэлтийн голлох шалтгаан болж байна.

Яaралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн. Түүнчлэн бид томуугийн улирлын хүрээнд эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлэгт 619 орыг нэмэлтээр дэлгэсэн. Мөн улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 82 хувьтай үргэлжилж байна. Манай төвд одоогоор 211 хүүхэд томуу томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа. 

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Дэлхий даяар цар тахалтай нүүр тулаад яг гурав дахь жилтэйгээ золгож байна. Цар тахлын онош батлагдсан 657 сая хүн байгаагийн 6.6 сая нь харамсалтайгаар нас барсан гэсэн тоон мэдээлэл байна. Дэлхий дахинд Covid-19 цар тахал, ялангуяа омикроны давлагаа сүүлийн долоо хоногт 21 орчим хувиар буурсан мэдээлэл байна.

Олон улсад дэгдэлт үүсгэж буй хувилбарыг авч үзвэл BA5 бөгөөд 63 хувьтай, ВА2-ын 2.75 гэдэг хувилбар BQ1 хувилбарууд дэгдэлт үүсгэж байна. Манай урд хөрш оны өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлээд цар тахлын талаарх тоон мэдээллийг бүрэн нийтлэхгүй байна. Гэхдээ ДЭМБ-ын мэдээллээр, Covid-19-ийн шалтгаант 648 нас баралт бүртгэгдсэнийг мэдээлсэн. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 50 гаруй хувиар өссөн дүн. Урд хөршид дэгдэлт үүсгээд байгаа вирусын хувилбарын хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс 24-ний өдрийн сорьцын мэдээллээр авч үзвэл 85 хувь нь омикроны BF7 гэдэг дэд хувилбар, 15 хувь нь BA5.2 гэдэг дэд хувилбар байна. Мөн маш олон дэд хувилбар урд хөршид дэгдэлт үүсгэж байна.

Манай улсад нэгдүгээр сарын эхний долоо хоногт нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан үзүүлэлт. Сүүлийн өдрүүдэд өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо 10-аас бага болсон. Зарим өдөр 7, зарим өдөр 9 гэх мэтчилэн бүртгэгдэж байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш Covid-19-ийн шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй.

Эмнэлэгт хэвтэгсдийн 94 хувь нь хүндэвтэр, 6 хувь нь хөнгөн гэсэн эмнэл зүйн эрэмбэтэй байна. Манай улсад BQ1.2 гэдэг дэд хувилбар 92.5 хувьтай, BQ1.1 гэдэг дэд хувилбар 2.5 хувьтай байна. BQ дэд хувилбар нийлээд 95 хувийг эзэлж байна гэж ойлгож болно. Үлдсэн 5 хувь нь BA5 гэдэг хувилбар байна.

Бид олон салбарын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Урд хөршид амаргүй байгаа учраас энэ нөхцөл байдал манайд яаж нөлөөлөх вэ гэдэг эрсдэлийг ХӨСҮТ, Улсын онцгой комисс ЭМЯ, ОБЕГ, Гаалийн ерөнхий газар, ХСҮТ, НЭМҮТ гээд олон салбар хамтарч, Covid-ийн эрсдэлийн үнэлгээг 29 дэх удаагаа хийсэн. Энэ чиглэлээр хамтарч ажиллах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Урд хил нээгдэхтэй холбоотойгоор манай улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал, эрсдэлээс гадна эдийн засагт ирэх үр нөлөө, олон улсын харилцаа гэх мэтчилэн олон талаас нь авч үзэж байж энэ шийдвэрүүдийг гаргаж байгаа гэж ойлгож байна гэсэн юм. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.