Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй их хотын иргэдэд боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг хүргэхээр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 43 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Хотын нийтийн төв номын санг олон улсын жишигт нийцүүлэх, иргэдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцгой анхаарч, энэ хүрээнд үүрэг өгсөн.
Нийслэл хотын оршин суугчдад номын сан, ном зүйн үйлчилгээг үзүүлдэг энэ газар өдгөө соёл, танин мэдэхүйн төв болж, хүүхэд залуус эрдэмд шамдаж, оюунаа цэнэглэдэг, ирээдүйнхээ мөрөөдлийг урлан бүтээдэг орон зай болжээ.
Улаанбаатар хотын төв номын сан дөрвөн дүүрэгт салбартай, нийт 400 мянга гаруй боть номын фондтой. Тогтмол үйлчлүүлдэг 200-300 гаруй уншигчаас гадна жил бүр 10 мянга гаруй уншигчаар хүрээгээ тэлдэг номын өргөө билээ. Төв салбар нь чөлөөт сонголттой уншлагын хоёр, хүүхдийн болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан танхимтай. Мөн Америкийн соёл мэдээллийн төв үйл ажиллагаа явуулдаг. Номын сангийн сан хөмрөгийг судар бичиг, монгол хэл дээрх бүх шинжлэх ухааны ном зохиол, орос, англи болон бусад хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл, судалгааны материал, аудио материалууд бүрдүүлдэг.
Уншлагын А танхим буюу байгалийн шинжлэх ухааны танхим нь эрүүлийг хамгаалах, анагаах ухаан, хэл бичиг, уран зохиол, урлаг, шашин, гүн ухаан, сэтгэл судлалын 37,000 орчим монгол, гадаад хэлээр номтой. Харин уншлагын Б танхим буюу нийгмийн шинжлэх ухааны танхим нь техникийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй ба ойн аж ахуй, нийгмийн шинжлэх ухаан, түүх, эдийн засаг, улс төр, хууль цааз, цэргийн шинжлэх ухаан, соёл, шинжлэх ухаан, гэгээрэл, боловсролын номын фондтой аж.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хүүхдэд зориулсан уншлагын танхимтайгаараа онцлог. 30 суудалтай, монгол, англи, орос, япон хэл дээрх уран зохиол болон бусад төрлийн 8000 орчим номын сан хөмрөгтэй энэ танхим илүү тухтай, хүүхдэд төдийгүй гэр бүлд зориулагдсан орон зайг цогцлоож чаджээ.
Энд хүүхдүүд ном уншихаас гадна тоглож, сонирхолтой нэвтрүүлэг үзэж, эцэг эхтэйгээ цагийг өнгөрүүлж, сургалт, хөтөлбөрт хамрагдаж болно.
Хүүхдэд зориулсан чанга уншлага, өдөрлөг, сургалт зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг нь хүүхдүүдийг номд дуртай, номыг хайрладаг болгох, номтой харьцах соёлд сургах номыг бүтээлчээр унших арга барилд төлөвшүүлэх зорилготой. Их хотын номын өргөөг зорьж ирдэг хамгийн бяцхан уншигч хоёр настай гэнэ.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан зөвхөн ном уншдаг газар биш. Уншигчдыг татах, соёл, танин мэдэхүйн хэрэгцээнд нь нийцэх олон сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, ахлах ангийн сурагчдад зориулан “Макер Спэйс” танхимаас зохион байгуулдаг гурван төрлийн инженерчлэлийн хөтөлбөр буюу код бичих, лего угсрах 2D анимэйшн сургалт бий. Эдгээр сургалт, хөтөлбөрт хамрагдахын тулд номын сангийн үнэмлэхтэй байхад л хангалттай.
Их хотын номын өргөөнд бүтээлч, байгальд ээлтэй байхыг хүссэн бүхэнд зориулсан булан ч бий. Хог хаягдлыг дахин боловсруулах, хуучин эд зүйлсийг дахин загварчилснаар байгальд ээлтэй байхыг уриалдаг энэ танхимд зургаан төрлийн сургалт, воркшопыг зохион байгуулдаг.
Хүүхэд залуусын очих дуртай, цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж чадах өөр нэг булан энд бий. Англи хэл дээрх ном, хэвлэл уншиж, интернет үйлчилгээ авахаас гадна англи хэл дээрх кино үдэшлэг, англи хэлний сургалт, уулзалтууд, тоглоомын үдэш, номын клуб, зөвлөгөө өгөх, туршлага солилцох лекцүүд зэрэг олон нийтийн ажлуудад нь хамрагдаж болох Америкийн соёл мэдээллийн төвийг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам, Хотын төв номын сан хамтран 2004 онд байгуулжээ.
АНУ-ын тухай төрөл бүрийн сэдвээр сонирхож буй хүмүүст мэдээлэл олж авахад нь тусалж дэмжих, олон нийтэд зориулсан нээлттэй арга хэмжээ явуулах, үүгээрээ дамжуулан хоёр улсын соёл, боловсролын харилцааг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй энэ төв Улаанбаатарын оршин суугчид, ирээдүйн иргэд өөрийгөө хөгжүүлэх, бүтээн туурвих, хорвоо дэлхийг өөртөө шинээр нээх боломжийг олгох, бүгдэд нээлттэй өргөөний онцлох нэгэн хэсэг болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.