СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Мөнхцэцэг: Өглөө бүр уулзвар, гарц, өгсүүр, уруу замд 30-40 тонн давс, бодис цацаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.

Халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цас, мөсний цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Хотын дарга өгсөн билээ. Хэрэгжилтийн талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Манай газар 185 км зам хариуцдаг. Шөнөдөө 30 хэм гарч хүйтэрч, хялмаа их унаж байна. Давсны 119 тонн, 270 тонн орчим бодисын үлдэгдэлтэй байгаа. Өглөө бүр уулзвар, гарц, өгсүүр, уруу замд 30-40 тонн давс, бодис цацаж байна. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.

3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилсныг удирдах ажилтнуудад танилцуулав. Тэрбээр “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүсжээ. Иймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн” гэлээ.

Мөн золбин нохой, муурын устгалд сумны асуудал хөндөгддөг. Энэ квотыг хот өөрөө авах хүсэлтээ Хууль зүйн яаманд өгч байгааг хэлж байлаа.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд нар сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн талаар мэдээлэл өгч, нийслэлээс хийж байгаа ажлуудыг танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах ёстойг онцолж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.