Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрт Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Болгар Улсын Соёлын сайд В.Минеков нар Софи хотноо энэ сарын 21-ний өдөр гарын үсэг зурав.
Хөтөлбөрт хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны үндсэн зарчмуудыг тусгасан бөгөөд 5 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Тухайлбал, талууд жил бүр бакалавр болон докторын түвшний тус бүр нэгээс доошгүй оюутныг харилцан солилцож, бүрэн хугацааны сургалт (анагаах ухаан, дүрслэх урлаг, биеийн тамирын их, дээд сургуулиас бусад)-д Засгийн газрын тэтгэлэгтэйгээр хамруулна.
Хөтөлбөрийн хүрээнд соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, залуучууд, спортын байгууллагууд харилцан тохирч, төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох чиглэлээр өргөн боломж бүрдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.