Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар бүх талын төлөөллийг оролцуулсан Ерөнхий хяналтын сонсгол өчигдөр үдшийн 23:00 цагт өндөрлөлөө.
Нээлттэй сонсголоос үр дүн гараагүй гэж жагсагчдын төлөөлөл үзэж, "Сонсголыг нээлттэй хэвээр үлдээн, маргааш үргэлжлүүлж, сонсголд оролцож чадаагүй жагсагчид, Төрийн ордны гадаа нүцгэлсэн залуусыг оролцуулж нүүрсний хулгайг үргэлжлүүлэн ярих ёстой. Асуудлаа нэгмөр цэгцлээгүйгээс ард түмэн, төр хоёрын дунд үл ойлголцол үүсч ирсэн. Тиймээс нээлттэй сонсголыг үргэлжлүүлэх шаардлага байна" гэх байр суурийг илэрхийлжээ.
Нээлттэй сонсголыг удирдсан УИХ-ын гишүүн С.Чинзориг "Та бүхний тавьсан асуудлыг ажлын тав хоногт багтаан Эдийн засгийн байнгын хороонд тайлагнана. Шаардлагатай гэж үзвэл та бүхний гаргасан саналд үндэслэн Эдийн засгийн байнгын хороо эсвэл УИХ-аас шийдвэрийн төсөл гаргана.
УИХ-аас байгуулагдсан нүүрсний хулгайг судлах хянан шалгах түр хороо үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Хулгайн хэрэгтэй холбоотойгоор гэрч дуудах, нотлох баримт цуглуулах, шинжээч томилж нотлох баримтад үнэлгээ хийх ажил үргэлжлэх зэрэг шат дараатай ажил хийгдэнэ" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.