Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч даваа гарагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компани, түүний хууль ёсны төлөөлөгч, тус улсын иргэн Агулад холбогдох хэргийг хэлэлцэж, өчигдөр эл компанийнхныг гэм буруутайд тооцсон тогтоол гаргалаа.
НПГ-аас тус компанид Эрүүгийн хуулийн 24.1-4 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөл бүрдүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн наймдугаар сард дээрх шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Шүүгч хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад арваннэгдүгээр сарын 9-нд гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх хурлаа товлосон ч хэргийн оролцогч нараас хохирогч, шинжээч, орчуулагч зэрэг хүнийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлуулсан юм байна.
Дээрх аймгийн Дашбалбар сумын нутаг дахь холимог металлын “Улаан”-ы ордын 247А тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны есдүгээр сараас хойш 10 гаруй жилийн хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл, хар тугалга, цайр зэрэг хорт бодисоор бохирлогдсон ус шүүрч, байгаль орчинд хохирол учруулах болсон. Үүнтэй холбогдуулан 2012 оноос хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн ч тухайн үеийн УЕПГ-ын эрх бүхий албан тушаалтнууд хэргийг нь хэрэгсэхгүй болгож, хилээр гарахыг хориглосон байсан, өмнөд хөршийн есөн иргэнийг нутаг руугаа буцах боломж бүрдүүлсэн юм.
Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хилийн хорт бодис хөрсөнд шингээж, Сэвсүүлийн хөндийн усны хагалбар газар хордож, ирээдүйд асар их хор хохирол учрах эрсдэлтэй байгаа талаар “Өнөөдөр” сонин 10 жилийн турш бичиж олон нийтийн сонорт хүргэж байсан билээ. Олон жилийн турш анхаарлаасаа холдуулалгүй бичиж нийтэлж байсны үр дүнд Экологийн цагдаагийн алба, прокурорын байгууллагаас шинжээч томилуулан дүгнэлт гаргуулснаар экологид их хэмжээний хохирол учирсан гэдгийг шинжээчид тогтоосон юм.
Өөрөөр хэлбэл, “Шинь шинь”-ийнхэн чанаргүй материал буюу плёнк ашиглаж хаягдлын далангаа хучсаны улмаас цоорч, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж, хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөө үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөл бүрдүүлж байгаль орчныг бохирдуулснаар нийтдээ 672 652 394 төгрөгийн хохирол учруулсан хэмээн шинжээчид дүгнэсэн байдаг. Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Шинь шинь” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1-4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар шүүгдэгч эл компани, түүний хууль ёсны төлөөлөгч Агула болон өмгөөлөгчид нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасны дагуу хохирол нөхөн төлөх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хурлыг завсарлуулжээ. “Шинь шинь”-ийнхэнд эрүүгийн хариуцлага оноох хурал ажлын тав хоногийн дараа үргэлжлэх бөгөөд ямар шийтгэл ногдуулсныг бид цаг тухайд нь мэдээлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зохих хохиролыг нь Төлүүлж...Хуулийн Хатуу Хариуцлага тооц...Ялыг нь Өөрийнх нь Улсад...Ялтай нь Буцаах...Хилээс МУ аас бүрэн хөөж гарга... Зэвүүн хорлон сүйтгэгчүүд...Монголыг Хөрс Агаараар нь Хордуулан сөнөөх хорлон сүйтгэх ажиллагаа бна...Хэзээ арилах нь бүү мэд хоруу чанартай Хорлон сүйтгэх...Дотор санаа гэж авч үзнэ үү...
Олон жил баялхгыг минь үнэгүй зөөлөө дөө.болиулж болдоггүй м уу