СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-12-05

Төлбөрийн тэнцлийн алдагдал өсөв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр: 

  1. Төлбөрийн тэнцэл X сарын урьдчилсан гүйцэтгэлээр 0.57 сая ам.долларын алдагдалтай гарлаа.
  2. ЭТТ ХК оффтек гэрээ байгуулсан худалдан авагч талтай дахин тохиролцож, гэрээний орлогод нөлөөлөх байдлыг 11 орчим хувь болгож бууруулав.
  3. Нийслэлийн 2023 оны төсвийн орлого 1.74 их наяд төгрөг байхаас 88.9 хувийг татварын орлогоос бүрдүүлэхээр хэлэлцэж баталлаа.

Харж байх чухал тоо

Төлбөрийн тэнцэл X сарын урьдчилсан гүйцэтгэлээр 0.57 сая ам.долларын алдагдалтай гарснаар оны эхний арван сарын байдлаар алдагдал 1.36 тэрбум ам.долларт хүрээд байна. IX сард урсгал дансны алдагдал буурснаар төлбөрийн тэнцэл 163 сая ам.долларын ашигтай гарч байсан бол X сард урсгал дансны алдагдал эргээд огцом өсөж, 268.9 сая ам.доллар болжээ. Урсгал данс дотроо барааны данс буюу экспорт, импортын зөрүү 157 сая ам.долларын ашигтай гарсан ч үйлчилгээ талдаа 200 орчим сая ам.долларын алдагдалтай гарсан нь нийт алдагдалд нөлөөлжээ. Монголбанкны зүгээс төлбөрийн тэнцэлд тодорхой бус байдал давамгайлж байгаа тул гадаад валютын нөөцийг тодорхой түвшинд хангах чиглэлд ажиллаж байгааг мэдээлсэн.

Оффтек гэрээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК оффтек гэрээ байгуулсан худалдан авагч талтай дахин тохиролцож, гэрээний орлогод нөлөөлөх байдлыг 11 орчим хувь болгож бууруулсныг ЗГ-ын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдлээ. Анх байгуулсан оффтек гэрээний дүн нь компанийн орлогын 20 орчим хувьтай дүйцэж байжээ. Мөнгөн дүнгээр харвал 603 сая ам.долларын оффтек гэрээ байгуулснаас XI сарын 30-ны байдлаар 152 сая ам.долларын нүүрсний тээвэрлэлтийг нь хийгээд байгаа бөгөөд цаашид 451 сая ам.долларын нүүрс тээвэрлэлт хийх үлджээ. Одоогоор ЗГ-аас дахин оффтек гэрээ байгуулахыг хориглоод байгаа. Харин ОУВС-ийн зөвлөмжид оффтек гэрээнүүдийг цуцлахаас илүүтэй “Эрдэнэс Тавантолгой” болон Төрийн өмчит томоохон компаниудын орлогыг БНХАУ-ын барилгын компаниудын Монгол дахь төслийг санхүүжүүлэхэд ашигласан зэргийг шүүмжилж байгаа юм. 

Байр суурь

"Эрчим хүчний асуудлыг аргалаад яваад байж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц одоо шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр. Улаанбаатарт дөрвөн эх үүсвэрээс дулаан нийлүүлж байгаа. Улаанбаатар дулааны шугам сүлжээний борлуулж байгаа өртөг нь үйлдвэрлэж буй өртгийнхөө 40 орчим хувьтай л байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК энэ онд хүлээгдэж буй дүнгээр 130 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Ийм доогуур үнээр энэ салбарт ямар нэгэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх ойлголт байхгүй" хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдээлэв. Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Сүүлийн 30 жилд Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээ 2.2 дахин өссөн бол импортоор авдаг цахилгаан эрчим хүч 11 дахин өсжээ. Энэ бол бусдаас улам хараат болж, хөгжил, өрсөлдөөний боломж алсарч буйн бас нэг жишээ" хэмээн шүүмжлээд байна. 

Нийслэлийн төсөв

Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөр нийт орлого 1.74 их наяд төгрөг байхаас 88.9 хувийг татварын орлогоос бүрдүүлэхээр хэлэлцэж баталлаа. Тухайлбал, 2023 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 317.1 тэрбум төгрөг, газрын төлбөр 2 тэрбум, ус ашигласны төлбөрөөс 4.3 тэрбум, нийслэл хотын албан татвараас 12 тэрбумыг тус тус төвлөрүүлэхээр тооцоолсон байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болох 320 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн парк шинэчлэл хийх бөгөөд ирэх оны I сард 100 автобус, II сарын эхээр 124 автобус орж ирнэ гэж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлсэн юм.

Алт ба ГВАН

Монголбанк XI сард 2.6 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх сараас 21.4 хувиар, IX сараас 10.4 хувиар өссөн үзүүлэлт болсныг мэдээллээ. Харин оны эхнээс өссөн дүнгээр Монголбанкны үнэт металл худалдан авалт 19.9 тонн болж, 2021 онд худалдан авсан үнэт металлын хэмжээтэй дөхөж очоод байна. Гадаад валютын албан нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхэд алт худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир алт тушаалтын нэмэгдүүлэх "Алт-2" хөтөлбөрийн санхүүжилтийг үргэлжлүүлэхээр болоод байгаа. Мөн ЗГ-аас алт олборлолтын хэмжээг энэ онд 20 тонн байхаар тооцжээ. 

Softbank зорилгоосоо буцахгүй

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцадмал байгаа ч Японы “SoftBank” ОХУ, Монгол Улс, Японыг холбосон эрчим хүчний тойрог хэлбэрт сүлжээний төслөө орхихгүй болохоо мэдэгдлээ. Тус компани энэхүү төслөө 10 жилийн дотор хэрэгжүүлнэ гэж найдаж байгааг “SoftBank”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Шигэки Мива ОХУ-ын “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. "Үүнд урт хугацаа шаардагдаж магадгүй ч бид чадах бүхнээ алхам алхмаар урагшлуулж байна. Тэгэхээр 10 жилийн дотор ОХУ-аар дамжуулан Төв Ази болон Монголыг Японтой холбож чадна гэж найдаж байна” хэмээн тэрбээр өгүүлсэн байна. БНСУ, БНХАУ, Япон гэсэн Зүүн Азийн бүс нутгийн орнуудын эрчим хүчний систем харилцан уялдаатай байх нь чухал ач холбогдолтойг тэрбээр онцолж байна. Эдгээр гурван улс бүс нутгийн эрчим хүчний эрэлтийн 75 хувь, дэлхийн эрэлтийн 37 хувийг бүрдүүлдэг аж.

Хамгийн үнэтэй хотууд

“Economist Intelligence Unit” байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхий нийтийн амьдрах өртгийн тайлан"-ийн 2022 оны жагсаалтад Нью-Йорк болон Сингапур дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотоор нэрлэгджээ. Жагсаалтад багтсан дэлхийн 172 томоохон хотод амьдралын өртөг өнгөрсөн оноос 8.1 хувиар өссөн нь Украин дахь дайн, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг хүчин зүйлстэй холбоотой аж. Өнгөрсөн онд жагсаалтыг тэргүүлсэн Тель-Авив хот гуравдугаар байр руу ухарсан бол Хонгконг, Лос-Анжелес хот дөрөвдүгээр байрыг хуваалцсан байна. Ерөнхийдөө Засгийн газруудын бодлого, валютын хөдөлгөөнөөс хамаарч улс бүрийн үзүүлэлт өөр хоорондоо маш ялгаатай гарчээ. Тухайлбал: Японы бодлогын хүү доогуур түвшинд байснаас шалтгаалж Токио болон Осака хот 24 болон 33 байраар ухарсан байна. Харин БНХАУ-д хамгийн өртөг өндөртэйд тооцогддог зургаан хот бүгд байр ахиж, Шанхай хот эхний 20 дотор багтжээ.

Литийн "халуурал"

Одоогоор дээд түвшинд хүрээд буй литийн үнэ 2025 оны эцэс гэхэд 50 орчим хувиар унах магадлалтай байгааг БНХАУ-ын “Zijin Mining” компанийн Ерөнхийлөгч Зоу Лайчан онцолжээ. 2025 онд нийлүүлэлт огцом өссөнөөр литийн үнэ “хэвийн түвшинд” буюу тонн нь 300 мянгаас 400 мянган юанийн хооронд эргэн очих төлөвтэй байгааг тэрбээр дурдсан байна. Алт олборлолт, зэсийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг “Zijin Mining” компани он гарсаар литийн гурван уурхай худалдан авахад 16 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа тул цэнэг хураагуурын металл үйлдвэрлэлээр дэлхийн “Топ 10” компанийн нэг болсон юм. 

Хятадын хойрго байдал

Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева энэ долоо хоногт Бээжинд айлчлахдаа хөгжиж буй орнуудын өрийн хямралд шийдэл олох ажлыг эрчимжүүлэх талд БНХАУ-д шахалт үзүүлэхээр зорьж буйгаа илэрхийлжээ. "Бидэнд маш чухал, өргөн цар хүрээг хамарсан өрийн асуудал тулгамдаад байгаа учраас шийдэлд хүрэхийн тулд олон жил хүлээх тансаглал байхгүй. Тиймээс хамгийн том зээлдүүлэгч орон болох БНХАУ шийдлийг хэрхэн эрчимжүүлэх талд хариуцлагыг гартаа авч ажиллахыг бид хармаар байна" гэж Кристалина Георгиева онцолсон байна. БНХАУ хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг багасгах дэлхий нийтийн хичээл зүтгэлд идэвхгүй оролцож байна гэсэн шүүмжлэлд өртөх нь ойрын хугацаанд нэмэгдээд байна. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен энэ ажлыг урагшлуулахгүй байгаа хамгийн том саад нь Бээжин гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байв.

Эх сурвалж: Bloomberg TV

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.