СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШӨХТГ: Үндэслэлгүй үнээ нэмсэн “Мэргэ ван” ХХК-ийг 183.6 сая төгрөгөөр торгохоор боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн онгоцны тийзийн үнийн өсөлт, агаарын хөлгийн шатахууны сумалгаа болон ачилтын үнийн өсөлттэй холбоотой гомдлын дагуу онгоцны шатахуун борлуулах, цэнэглэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох “Мэргэ ван” ХХК-д холбогдох зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. 

“Мэргэ ван” ХХК нь Монгол Улсын хэмжээнд онгоцны шатахуун эцсийн худалдан авагчид борлуулах, Улаанбаатар хотын хэмжээнд онгоцны шатахуун цэнэглэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр 2013 онд тогтоогдсон бөгөөд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгааг ШӨХТГ-ын хуралдааны 2019 оны 03 тоот тогтоолоор дахин тогтоосон байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн үнэтэй харьцуулахад хил үнэ 2022 оны наймдугаар сард 46.7 хувиар, төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2022 оны наймдугаар сард 11.6 хувиар нэмэгдсэн байна.

Мөн “Мэргэ ван” ХХК нь 2022 оны наймдугаар сард агаарын хөлгийн шатахууны сумалгааны кг тутамд 2,800 байсан үнийг 5,600 төгрөг болгож 100 хувиар, ачилтын кг тутамд 2,750 байсан үнийг 5,550 төгрөг болгож 102 хувиар тус тус өсгөсөн байна.

Өөрөөр хэлбэл, валютын ханш 10 гаруй, хил үнэ 40 гаруй хувиар буюу нөлөөлөх хүчин зүйл 50 гаруй хувиар өөрчлөгдсөн байхад “Мэргэ ван” ХХК нь сумалгаа болон ачилтын үнийг 100-102 хувиар өсгөж давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулж, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон болох нь нотлогдлоо.

Иймд давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулж, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зөрчил гаргасан “Мэргэ ван” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 183.6 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.