ОХУ, БНХАУ руу их хэмжээний рубль шилжүүлж, мөнгөн гуйвуулга хийж залилуулсан гэх гэмт хэргийн гаралт нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс тодрууллаа.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахмад И.Доржсүрэн:
-ОХУ, БНХАУ руу их хэмжээний мөнгө шилжүүлээд, залилуулж буй тохиолдол элбэг байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагад 30 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Нийт гэмт хэргийн 10 мянга орчим нь залилах гэмт хэрэгтэй холбоотой үйлдэл байна.
Гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдаж авах, гадаадын иргэнтэй харилцах явцдаа иргэд залилуулж байна. Ялангуяа үл таних хүнд хувийн мэдээллээ өгснөөр гэмт хэрэгтний олз болж байна. Ихэвчлэн 30-35 орчим насны ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүд залилах гэмт хэрэгт өртдөг. Гаднын улсын иргэнтэй амьдарч, санхүүгээ сайжруулахыг зорьсон иргэд ч залилуулсан тохиолдол гарлаа.
Цахим орчин дахь залилах гэмт хэргийг бүлэг этгээдүүд үйлддэг. Энэ төрлийн гэмт хэрэг нь 6 болон түүнээс дээш сарын хугацаанд үйлдэгддэг. Иймд гадаад улс руу шилжүүлсэн мөнгөний зарцуулалт, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтооход бэрхшээлтэй.
Хэдий манай улс БНХАУ, ОХУ-тай эрх зүйн болон иргэний харилцааг зохицуулах гэрээтэй ч бусад улс орон руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн тохиолдолд олж илрүүлэхэд бэрх байдаг гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.