Монголын байгалийн шилдэг гэрэл зургийн уралдааны шилдэг уран бүтээлчид тодорлоо.
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулсан Монголын байгалийн шилдэг гэрэл зургийн уралдаанд 8 орны 108 гэрэл зурагчны 640 гаруй бүтээл бүртгэгджээ. Тус уралдааныг Монгол болон олон улсын шүүгчдийн хамтарсан багийн нэгдсэн дүнгээр шилдгүүдээ шалгаруулжээ. Ингэхдээ гэрэл зурагчны нэрийг нууцалж, тусгайлсан кодоор зургуудад оноо өгч хамгийн өндөр оноотой 13 зургийг шилдгээр тодруулсан байна. Гэрэл зургийг хүлээн авахдаа веб дээр суурилсан системээр хүлээн авсан нь гэрэл зургийн уралдааны бүтээл хүлээн авах системийг шинэчилсэн алхам болжээ.
"Монголын байгалийн шилдэг гэрэл зураг" уралдаан нь Монгол улсыг зорих гаднын гэрэл зурагчдын тоог нэмэгдүүлэх, дотоодын зурагчдын бүтээлийг олон улсад сурталчилж, түүгээр дамжуулан Монгол улсад ирэх жуулчдын татах , байгалийн үзэсгэлэн, ахуй соёлын онцлогоо бусдад таниулах зэрэг өндөр ач холбогдолтой юм.
Энэ удаагийн уралдааны шилдгийн шилдэг бүтээлээр Канадын гэрэл зурагчин Паул Зизкагийн “Тэнүүлчин” хэмээх бүтээл шалгарчээ.
Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдаан нь Монгол улсад зохион байгуулагдаж байгаа анх удаагийн олон улсын уралдаан юм. Энэ удаагийн тэмцээний шилдэг бүтээлүүд болон уралдаанд ирсэн бүтээлүүдээр каталог гаргаж олны хүртээл болгохоор төлөвлөжээ.
Тус уралдаан нь гэрэл зургийн үнэлэмжийг дээшлүүлж, уралдаанд ирсэн бүтээлүүдийн оюуны өмч нь гэрэл зурагчдадаа үлдээж байгаа гэдгээрээ онцлогтой. Монгол орны гоо үзэмжийг харуулсан хүн бүрийн хүлээдэг уралдаан болгохын тулд хичээн ажиллана гэдгээ Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн зүгээс илэрхийлж байсан юм.
Үзэгч та бүхэн байгалийн сайхныг тольдож, монгол ахуйгаа харж, сэтгэлийн цэнгэлийг мэдрэхийг хүсвэл тус үзэсгэлэнг таалан сонирхох боломжтой. Уралдааны шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн 11 сарын 28-ны өдрөөс Хаан Галерейд дэлгэгдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.