СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-29

Түлшгүй бол экспортгүй, экспортгүй бол мөнгөгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

ОХУ-аас нийлүүлдэг түлш хомстсоноос Шарын голын уурхай зогсжээ. Эрдэнэт үйлдвэр энэ өвөл хөлдөж магадгүй гэсэн муу ёрын зүйл сонсогдох болов. Эрдэнэс Тавантолгой өнгөрсөн сарын хурдаараа явбал оноос өмнө 30 сая тонн нүүрс гаргах нь түлшний хомстлын улмаас болж эргэлзээтэй болж байна л гэнэ. 

Монгол улсын экспортын голыг нугалдаг уул уурхайн бүх техник түлшээр ажилладаг. Түлшгүй бол экспортгүй, экспортгүй бол мөнгөгүй гэж ярьдаг нь ийм учиртай.  

Чандмань эрдэнэ лугаа адил энэхүү шар шингэний үнийг нь чөлөөлөөд, хэн хүссэн нь оруулж ирэн зах зээлийн ханшаараа борлуулаад эхэлбэл одоо болон ирээдүйд үүсэх асуудал амархан шийдэгдчихээр. Гэтэл бодлого тодорхойлогч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь шатахуун импортлогч компаниудыг "Үнээ нэмээд үзээрэй. Зөвшөөрлийг чинь цуцална шүү" хэмээн ил цагаан сүрдүүлдэг сурагтай. 

Түлш ховордож эхэлсэнтэй холбоотойгоор ОХУ-аас түлш, шатахууныг таван жилийн турш тогтвортой үнээр авахаар боллоо хэмээн хөөрцөглөөд байсан нь худал болох шиг боллоо. Түлшин дээр 5 хувийн хөнгөлөлт авна гэдэг нь ч үнэнд гүйцэгдээд байгаа аж. 

Монголд бизнес хийх амаргүй болсон. Хүчээр дарангуйлагч төр "зах зээлийн хууль гэж байдаггүй юм" хэмээн сурталдах болсон. Дарангуйлал хэтэрсээр Монголд үйлдвэрлэдэггүй, импортоор авдаг бараа, бүтээгдэхүүнд хүртэл үнэ тогтоох гэж оролддог байдал түлш, шатахууны салбарыг ч тойрохгүй байгаад хэргийн учир байгаа юм. Хомстлын шалтгааныг эндээс эхэлж хайх хэрэгтэй болоод байна. 

Сонсох нь ээ, шатахуун оруулж ирдэг компаниудад зовлон их байдаг аж. Хөдөлмөрийн шинэ хуулиар компаниуд хүн хүч, цалин хөлсөө нэмэхээс өөр аргагүй болсон нь шатахуун импортлогч компаниудад ч мөн адил зардлаа өсгөхөөс өөр сонголтгүй болгосон. Шатахуун, түлшний үнийг ам.доллараар төлдөг учир ханшны хэлбэлзлээс үүдэн алдагдал хүлээсээр байгаа. Монголд үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих асуудал дэлхийн хаана ч байхгүй хэмээн компаниуд олонтаа учирласан ч салбарын яам нь анхаарч сонсдоггүй бололтой юм. 

Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар залуу хүний сийрэг ухаан гаргаж, импортын бараа, бүтээгдэхүүний үнийг чөлөөлөхгүй юм бол ирэх хэдэн арван жилдээ бид түлш, шатахууны үнэ тойрсон хэрүүлээ хийсээр байх болно. Үе үеийн Засгийн газрын тэргүүн, уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын шүдний өвчин нь түлш, шатахууны үний өсөлт байсаар байх болно. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.