ОХУ-ын иргэд дайн, цэрэг татлагаас зайлсхийж Монголд орж ирэн ажил хийж буй. Ийнхүү орж ирсэн хойд хөршийн Буриад улсын харьяат эр манай улсын иргэний толгой руу алхаар удаа дараа цохиж гэмтээсэн хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнийн 00.30 цагийн үед Баянгол дүүргийн нутагт гарсан.
Түүнд зодуулсан иргэн ГССҮТ-д эмчлүүлж байгаад удалгүй нас барсан юм. ОХУ-ын иргэн Д есдүгээр сарын 23-нд Алтанбулаг хилийн боомтоор орж ирэхдээ А гэх залуутай танилцаж, улмаар гэрт нь түрээс төлж амьдрахаар тохиролцон, 24-ний өглөө Улаанбаатар хотод орж ирсэн байдаг. Өдөр нь тэд Баянгол дүүрэг дэх нэгэн орон сууцад Г гэх айлынд очиж, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд хойд хөршийн иргэн гэрийн эзэнтэй муудалдсаныг цагдаагийнхан шалгалтаараа тогтоосон аж.
НПГ-ын газраас ОХУ-ын Буриад улсын иргэн Д-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр хүний амь санаатай хөнөөсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.