“Б” ХХК-ийн захирал нь ажилтан Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргажээ.
Иргэн Д уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргав.
Хариуцагч “Б” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөнө” гэж хуульд зааснаар ажилтан Д-д ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж, талууд харилцан тохирсон тул хууль зөрчөөгүй” гэж маргав.
Маргааныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгч Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаар, ажилтан Д нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй бөгөөд “Б” ХХК-иас түүнийг ажлаас чөлөөлөх мэдэгдэл гардуулсан, талууд уг асуудлаар харилцан тохиролцсон гэдэг нь баримтаар нотлогдоогүй гэж шүүхээс үзсэн байна.
Харилцан тохиролцох гэдэг нь асуудлыг хамтран хэлэлцээд шийдлийг тохирох утгатай
“Б” ХХК-иас ажилтан Д-д ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгснийг “ажлаас чөлөөлөх” асуудлаар харилцан тохиролцсон гэж үзэхгүй, энэ тохиолдолд, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан “Б” ХХК-ийн захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд, Д-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
Хураангуйг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.