"Дорнод аймагт 10 гаруй жилийн турш газрын тос олборлож буй Петро чайна дачин тамсаг ХХК-ийг нутгийн иргэд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг шаардаж шүүхэд өгчээ. Энэ асуудлаар бид БХНСГХХ ТББ-ын тэргүүн Д.Ганцогттой ярилцлаа."
Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн ТББ-аас Петро чайна дачин тамсаг ХХК-ийг шүүхэд өгсөн байна. Ямар үндэслэлээр шүүхэд хандсан юм бэ?
2014 онд АМТХууль батлагдсанаас хойш хамтын ажиллагааны гэрээ хийх ёстой атал Петро чайна дачин тамсаг ХХК өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн турш ямар ч гэрээ хийгээгүй.
Хамгийн гол нь Петро чайна дачин тамсаг ХХК орон нутагт ямар ч үр ашиг өгдөггүй. Орон нутгийн иргэд ямар ч үр өгөөж хүртдэггүй. Харин орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, УУХҮЯ, БОАЖЯ болон АМГТГ-ын нөлөө бүхий хүмүүс л хүртдэг. Тэнд зарлагдсан бараа үйлчилгээний болон бусад тендер, худалдан авах үйл ажиллагааг тэдгээр эрх мэдэлтэй хүмүүс л авдаг.
Хамгийн энгийн нэг жишээ дурдъя. Петро чайна үйл ажиллагаагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа ч худгийн ус цэвэршүүлэх төхөөрөмж л Матад суманд тавьж өгсөн байдаг. Тэр нь 30-аад сая төгрөгийн өртөгтэй. Тэгээд зуд турхантай үед бага сага өвс, тэжээл тараах, хичээлийн шинэ жилээр хүүхдүүдэд бэлэг сэлт өгөх гэх мэтээр аргалаад л өнгөрдөг. Өөрөөр орон нутагт нөлөө бүхий үр өгөөжөө өгдөггүй. Адаглаад л тээвэрлэлт хийж байгаа замаа ч бариагүй сууж байна шүү дээ.
Петро чайна дачин тамсагийнхан өөрсдөө хэлдэг: “бид өгөх ёстойгоо өгдөг. Гэхдээ “ноёд”-д өгдөг гэж. “Ноёд” зөвшөөрвөл орон нутгийн компаниуд тендерт орж болно, худалдан авалтаа орон нутгаас хийж болно” гэдэг. Тиймээс бид иргэдээс гарын үсэг цуглуулаад нэхэмжлэл гаргаад явж байна.
Тодорхой жишээ дурдаач. Манай эрх мэдэлтнүүд ямар бизнесийг өөрийн болгоод байна вэ?
Миний мэдэхээр маш том бизнес нь тээвэр дээр бий. Мөн байгаль орчны нөхөн сэргээлт дээр 9-11 сая долларыг зарцуулдаг гэсэн тоо бий. Энэ ажлыг орон нутагт өгдөггүй. Дандаа эрх мэдэлтнүүдийн компаниуд авдаг.
“Петро чайна дачин тамсаг” ХХК Дорнодод зам ч бариагүй
Петро чайна 10 гаруй жил Матад, Халхгол сумдад үйл ажиллагаа явуулж байна. Энэ хоёр суманд оруулсан хөгжил, дэвшил байна уу?
Энэ хоёр сум өмнө нь ямар байсан тэр хэвээрээ л байна. Газрын тос байлаа гээд сум хөгжсөнгүй. Сум байтугай аймагт ч хөгжил авчраагүй. Эсэргээрээ сум орон нутгийн хөгжил хойшоо ухарч байна. Яагаад гэвэл тэнд газрын тос олборлолоо гээд байгаль орчны унаган төрх алдагдаж, ан амьтад цөөрч, зээр, гөрөөс үргэж дайжсан. Ингэж хохироосонтойгоо тэнцэх хэмжээний ажил хийж өгөх ёстой юм, уг нь. Гэтэл юу ч хийсэнгүй.
Зам ч бариагүй гэж би дээр дурдсан. Гэхдээ замын асуудал бол гээндээ ч гоондоо ч бий. Уг нь Петро чайнагийнхан замаа барих гэхэд нь манай Зам Тээврийн Яамныхан замын маршрутыг нь гаргаж өгдөггүй гэнэ. Шантаажилдаг гэсэн үг.
Замгүйгээс үүдэж байгаль орчинд асар их хохирол учирч байгаа нь ойлгомжтой?
Хөрсний бохирдол утгаа алдсан.Өмнө нь тосны хаягдлаа шууд л газарт асгадаг байсан. Одоо ч нэвчээд л байж байна. Саяхнаас л пилионкоо сайжруулаад, шууд асгахаа болиод байгаа.
Уг нь Дорнодын тал бол олон улсын Рамсарын концвенцид бүртгэгдсэн дэлхийд ганц үлдсэн хялганат хээрийн тал. Гэтэл 80-100 орчим км газар талхлагдаж, тэр хэрээр биологийн төрөл зүйл устаж, үгүй болсон. Энэ бол асар том хохирол. Энэ бүхнийг тооцоолж дүйцүүлэн сэргээх ажил хийх ёстой юм.
Дээр нь бүтээгдэхүүн хуваах гэрээг маш ашиггүй гэрээ болсон гэж эдийн засагчид зарим судлаачид үзэж байгаа шүү дээ?
Хамгийн анх Сокогийн гэрээ ёсоор 40/60 байсан. Сая тонн тутамд манай монголын эзэмших хувь дээшлэх ёстой гэрээ байсан юм. Петро чайна аваад л 24/76 болсон. Маш алдагдалтай гэрээ. Тэгээд энэ гэрээ нь ч маш нууц, хаалттай. Хамгийн гол онцлох зүйл нь аудит. Бүтээгдэхүүн хуваах гэрээн дотор өртөгт тос /олборлоод, зөөвөрлөж, тээвэрлэх бүх зардлын тооцоо/гэж байдаг. Өртөг нь 40/60 хувь. Яг 40 хувь байна уу үгүй гэдэг нь ч маш тодорхойгүй. Аудит орсон хэр нь нууцалдаг.
Саяхан үйл ажиллагааг түр зогсоосон боловч үйл ажиллагаа нь удахгүй хэвийн үргэлжилсэн шүү дээ. Яг ямар үйл явдал болоод өнгөрөв?
Салбарын сайд зэрэг холбогдох албаныхан нь ирж танилцаад явсан. Уг нь байгаль орчинд асар их хохирол учруулаад дээр нь үр ашгаа өгөхгүй байгаа үед компанийн үйл ажиллагаа зогсох нь хэвийн үзэгдэл шүү дээ. Хэдий хугацаагаар зогссон ч хамаагүй асуудал. Энэ орон нутгийн иргэд хохирохоос аймар зүйл байх ёсгүй. Гэтэл манай сайд дарга нар улсын төсөвт орох мөнгө тасалдах гэж байна гэх мэтээр гомдож туниад байгааг ойлгохгүй л байна. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах асуудал нь учир дутагдалтай. Хангалаа ч цалин мөнгө нь бага.
Одоо та бүхний нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн гол агуулга юу юм бэ?
Нэгдүгээрт, орон нутагт хийх ёстой ажлаа л хий. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүл. Бид хийх ёстой ажлын жагсаалт гаргаж хавсаргаж өгөх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар барьж өгөхөд дэмжээч, орон нутагт эрчимжсэн ферм байгуулж өг, өвөл зуны хүлэмжийн аж ахуй байгуулахад дэмж, жимс жимсгэнийн аж ахуй байгуулж өгөөч гэх мэтээр...
Ингэснээр газраа ашиглуулж байгаа орон нутаг хөгжиж, тэнд амьдарч байгаа иргэд ажилтай, орлоготой байна.
Өнөөдөр газрын тосны олборлолт явуулж байгаа орон нутаг хөгжихгүй байна. Үр ашиг байхгүй байна гэж та сая ярилаа. Гэтэл одоо дахиад Увс аймагт, Дорноговь аймагт газрын тосны олборлолт явуулах зөвшөөрөл олгоод, гэрээ байгуулаад явж байна шүү дээ. Энэ хэр зөв юм бол?
Иргэний нийгмийнхний тавьж байгаа нэг шаардлага бол одоо байгаа уурхайнуудаа үр ашигтай ажиллуулж байж дараагийнхийг нь эхлүүлээчээ л гэж байгаа юм. Гэтэл одоо Дорнод аймагт дахиад Петро Матад гэх компани газрын тос олборлох гээд зөвшөөрөл хайгаад л явж байна. Нутгийн иргэд л эсэргүүцээд байгаагаас биш. Ядаж л үйл ажиллагаа явуулж байгаа бол орон нутагт үр ашгаа өгдөг байх хэрэгтэй. Орон нутагт 100 хувь эрхийг нь өгдөг байх хэрэгтэй юм.