АНУ-ын алдарт дуучин Мэрайя Кэри "Зул сарын хатан хаан" гэх хочоо барааны тэмдэг болгон бүртгүүлэх хүсэлт гаргасныг тус улсын Патент, барааны тэмдгийн алба хүлээж аваагүй байна.
Хэрэв тус албанаас од бүсгүйн өргөдлийг хүлээж авсан бол тэрээр бусад хүмүүсийг аливаа бараа бүтээгдэхүүн дээрээ "Зул сарын хатан хаан" гэх нэрийг ашиглахыг хориглох хууль ёсны эрхтэй болох байсан юм. Мэрайя Кэри түүнчлэн "QOC" болон "Зул сарын гүнж" зэрэг нэрийг барааны тэмдэг болгох гэж оролдсон ч амжилт олоогүй аж.
Тэрээр 1994 онд "All I Want for Christmas Is You" дуугаа гаргаснаас хойш тус баярын үеийг дуучин бүсгүйгээр төсөөлөх аргагүй болсон билээ. Тэгвэл түүний компани болох "Lotion LLC" барааны тэмдэг авах хүсэлтийг өнгөрсөн жил гаргасан ч өөр нэг дуучин Элизабет Чан үүнийг эсэргүүцэн, өнгөрөгч наймдугаар сард шүүхэд хандсан юм.
"The New Yorker" сэтгүүлээс 2018 онд "Зул сарын хатан хаан" хэмээн нэрлэсэн Чан нь өнгөрсөн арван жилийн турш жил бүр Зул сартай холбоотой дуу гаргасан бөгөөд харин Мэрайя Кэриг энэхүү баярыг ашиглан мөнгө олох гэж оролдсон хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.