Дэлхийн нийт хүн ам өнгөрөгч мягмар гарагт албан ёсоор найман тэрбум давсан билээ. Тэгвэл НҮБ-ын тооцооллоор, энэхүү тоо нь 2037 он гэхэд есөн тэрбум, 2058 он гэхэд 10 тэрбумд хүрэх аж.
Өдөр бүр бүртгэгдэж буй хэдэн зуун мянган төрөлт, нас баралтыг нарийн хянах боломжгүй тул дэлхийн хүн ам энэ сарын дундуур найман тэрбумд хүрнэ гэж шинжээчид ерөнхийд нь таамаглаж байсан. 1804 он хүртэл манай гарагт нэг тэрбум хүрэхгүй хүн амьдарч байсан бол зуун жилийн дараа хүн төрөлхтөн хоёр тэрбум болж өссөн. Түүнээс хойш орчин үеийн анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн ололт амжилтын ачаар дэлхийн хүн ам огцом нэмэгдэх болж, дөнгөж 11 жилийн өмнө долоон тэрбум даваад байсан юм.
Өсөн нэмэгдэж буй хүн амын тоо нь түлшний хэрэглээг тогтворгүй хэмнэлд оруулж, уур амьсгалын өөрчлөлт, ойн хомстол, биологийн олон янз байдал зэрэг байгаль орчны олон сорилтыг үүсгэснийг мэргэжилтнүүд онцолж буй. Харин Дэлхийн байгаль хамгаалах сангийн ХБНГУ дахь салбарын Хөдөө аж ахуй, газар ашиглалтын өөрчлөлт хариуцсан дарга Рольф Соммер энэ талаар "Дэлхий дээр найм, цаашлаад 10 тэрбум хүн тогтвортой, эрүүл саруул оршин сууж чадна. Гэхдээ үүний тулд олон улсын хамтын нийгэмлэг хөдөө аж ахуйн газар нутгийг илүү сайнаар ашиглаж, хамгийн гол нь малын гаралтай бүтээгдэхүүнийг бууруулах ёстой" хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн, Германы Хүн амын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Франк Свиакзни "2050 он гэхэд дэлхийн хүн амын өсөлтийн 50 гаруй хувийг ердөө найман улс бүрдүүлэхээс ихэнх нь Африк, зарим нь Ази тивд байна" гэжээ. Тодруулбал, эдгээр нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани зэрэг улс аж.
Эх сурвалж: DPA, The New York Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.