Польш улсын Пшеводув тосгонд өнгөрөгч мягмар гарагт пуужин унаж, улмаар хоёр хүн амь үрэгдсэн билээ. Тэгвэл энэхүү явдал нь ОХУ-ын халдлага гэх таамаглал олон улсад өргөн тархаад байсан ч Кремлийн зүгээс үүнийг эрс няцаажээ.
Түүнчлэн, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус пуужинг Оросын зэвсэгт хүчин харвасан байх магадлал бага гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр Польшийн эрх баригчид уг пуужинг ОХУ-д үйлдвэрлэсэн гэж мэдээлсэн ч Вашингтоны албаны хүмүүс тус пуужинг Украины Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин буудсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.
Оросын цэргийн хүчин өнгөрөгч мягмар гарагт Украин руу 90 гаруй пуужин харвасан гэж Киев мэдэгдсэн. Украины арми эдгээрээс 77 пуужинг агаарт байхад нь буудаж унагасан ч зарим нь Польшийн хилтэй ойролцоо Львов хотод унасан аж.
Тэгвэл Оросын энэхүү довтолгооны үеэр Украины хилээс зургаан км-ийн зайд орших Пшеводув тосгоны фермийн барилгад дэлбэрэлт болж, хоёр польш ажилчин амь үрэгдсэн байна. НАТО-гийн гишүүн орон болох Польшийн арми нэн даруй өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд мөрдөн байцаагчид бүх боломжийг судалж байгаа гэж тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда сэтгүүлчдэд хэлжээ. Мөн НАТО-гийн Элчин сайд нар өнөөдөр /2022.11.16/ өглөө Брюссельд яаралтай хуралдаж, зохих хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Польшийн Үндэсний аюулгүй байдлын товчооны дарга Яцек Севера "Бид 4-р заалтыг хэрэгжүүлэх эсэхийг шийдэхийн тулд нөхцөл байдлыг шалгаж байна" хэмээн мэдэгджээ. Тус заалтын хүрээнд НАТО-гийн аливаа гишүүн орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдал үүссэн эсэх талаар бусад гишүүн орон зөвлөлдөх боломжтой юм.
Харин Индонезийн Балид болсон "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Барууны удирдагчид Украины хот, суурин болон иргэний дэд бүтцийг онилж буй ОХУ-ын пуужингийн довтолгоог буруушаагаад, хөрш зэргэлдээ Польш улсад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.