“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод нээлээ
Ард иргэдийнхээ хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж буй. Тэгвэл энэхүү хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод нээлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ирэх таван жилийн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн хүн амыг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хангах талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд танилцуулав.
Тэрбээр “Өсөн нэмэгдэж байгаа хүнсний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодоос хангах, импортын бүтээгдэхүүний хамаарлыг бууруулах, хүнсний сүлжээний бүхий л үе шат бүрд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нь чухал. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг 21 аймаг, 330 сумаас нийслэлд нийлүүлдэг. Энэ утгаараа нийслэл нь Монгол Улсын эдийн засгийн гол төв бөгөөд улсын хэмжээнд хүнсний хангамжийн нийлүүлэлт, түгээлтийн гол зангилаа. Тиймээс ч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнс экспортлогч улс болох зорилтыг хангахад манлайлан оролцох болно” хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва “Улаанбаатар хотын хүнсний хангамжийн өнөөгийн байдал”, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг оролцогчдод танилцуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.