Өчигдөр /2022.11.13/ орой Туркийн Истанбул хотын төв гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас зургаан хүний амь үрэгдэж, 53 хүн шархаджээ.
Таксим талбай хүрдэг худалдаа үйлчилгээний томоохон гудамж Истиклалд энэхүү дэлбэрэлт болсон бөгөөд халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна.
Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган халдлага үйлдсэн этгээдүүдийг олж шийтгэхээ амлаж, энэхүү үйл явдлаас “терроризмын үнэр” ханхалж байна хэмээв.
2015-2017 оны хооронд Турк улсад дараалсан дэлбэрэлтүүд болсны улмаас нийтдээ 500 гаруй жирийн иргэн, хууль сахиулах албаныхан алагдаж байсан. Эдгээрийн заримыг Исламын Улс террорист байгууллага, заримыг нь Курдийн зэвсэгт бүлэглэл үйлдэж байжээ.
Тус улсын зүүн өмнөд хэсэгт оршин суудаг Курд үндэстнүүд олон арван жилийн турш өөртөө засах илүү их эрх олж авах, цаашлаад тусгаар тогтнохын төлөө Туркийн засгийн газрын эсрэг тэмцэл явуулж байгаа. Уг хөдөлгөөнийг удирддаг улс төрийн хүчнийг Анкарагийн эрх баригчид хууль бус террорист байгууллага гэж үздэг юм.
Одоогоор дэлхийн хэд хэдэн улс орон Туркийн эрх баригчдад эмгэнэл илэрхийлээд байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.