СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-09

🔴 Д.Амарбаясгалан: Төрийн ордонд ажиллаж буй цайны газар, кофе шопыг хувийн хэвшилд шилжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.11.09/ өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газраас төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 340 дугаар тогтоол гаргасан. Гол агуулга нь төр аж ахуйн үйлчилгээний бизнесээс ангид байх зорилготой. 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө амжиж төрийн өмчит газрууд үйлчилгээний чиглэлийнхээ үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэх ёстой. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ тогтоолын хэрэгжилтийг биелүүлэхийн тулд ЗГХЭГ өөрсдөөсөө ажлаа эхлүүллээ. 

Энэ хүрээнд төрийн ордны "Мэдээлэл үйлчилгээний цогцолбор" ААТҮГ-ыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргалаа. Уг цогцолбор нь төрийн ордон дотор хоол хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ресторан, цайны газар, кофе шоп ажиллуулдаг, талбайн баруун талд байх "Элит" цогцолбор, Засгийн газрын хэвлэх үйлдвэрийг хариуцдаг байсан. 50 ажилтантай байсан. Нэгдүгээр сарын 1-ийг хүртэлх хугацаанд Засгийн газраас иргэд, мэргэжлийн ТББ, төрийн байгууллагын оролцоотой ажлын хэсэг байгуулж, туршлагатай, мэргэжлийн түвшинд ажилладаг газруудыг сонгон шалгаруулалт явуулж тогтвортой ажиллах нөхцлийг хангана. Өөрөөр хэлбэл, түрээсийн хэлбэрээр ажиллана гэсэн үг. Өмнө нь ийм ажиллагааны дараа хувьчлал явагдах вий гэх хардлага гардаг байсан. Тийм зүйл байхгүй. Улс төрчдийн бизнес хамтрагчтай холбоотой бизнес орж ирэхгүй гэдгийг амлая.

Хоёрдугаарт, Зөвшөөрлийн тухай хууль батлагдсан. Дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгсөн. Өнөөдрийн хурлаар хэлэлцээд 84 төрлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-д өргөн барихаар боллоо. 

Гуравдугаарт, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан. Засгийн газрын 11 дүгээр байр буюу хуучнаар Худалдааны яам байсан, одоогийнхоор Ялалтын талбайн зүүн талд байрлах өндөр яамны 1-6 давхарт ажиллуулахаар боллоо. Тэнд ажиллаж байгаа төрийн байгууллагуудыг зөрүүлж ажлын байраар хангах даалгаварыг Засгийн газарт өгсөн. Ажил энэ долоо хоногоос эхэлсэн. 

-"Өргөө" амаржих газрын захирал чөлөөлөгдсөн. Асуудал нь юу болсон бэ?

-Шалгалт нарийвчилж хийгдэж байна. Өмнө нь ажиллаж байгаад чөлөөлөгдсөн 130 гаруй хүн, одоо ажиллаж байгаа 400 гаруй хүнтэй нэгбүрчлэн уулзаж байна. Ажлын хэсгийн дүн эцэслэн гарвал хэвлэлээр дамжуулан олон нийтэд танилцуулна. 

Нийгэмд цацагдаж байгаа мэдээллийн бодитой эх сурвалжийг маш сайн тодорхойлох ёстолй. Алдаа дутагдал гаргасан албан хаагчид хариуцлагаа хүлээх ёстой. Тус амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг, түүний талыг баримталж мэдээлэл өгсөн хэсэг байна. Эсрэг мэдээллээр хангаж байгаа үйлдвэрчний эвлэлийн байгууллага ч бий. Гал унтраах хэлбэртэй байх ёсгүй. Бодит учир шалтгааныг тогтооно.

Мөн ЗГХЭГ-аас Эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Улс орон даяар биш санамсаргүй түүврийн аргаар шалгаж эхэлсэн. Санхүүгийн болон өдөр тутмын үйл ажиллагааг шалгана. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хоёр хүн болон одоогийн сайд эрүүл мэндийн салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа. Олон нийтийн шүүмжлэлд өртөж буй алдаа дахиж гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин6
2 жилийн өмнө
202.126.90.35

Хэн нь хувьдаа авав.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.