Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуульд өнөөдөр 11 цагийн үед хүүхдүүд амьсгал боогдуулагч хийнээс хордсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Улмаар тус сургуулийн 31 сурагч, зургаан насанд хүрсэн хүн амьсгалын дутагдалд орж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдгээрийн нэг нь ухаан балартсан, ярьж чадахгүй байдалтай байгаа бол нэг хүүхдийн толгой хүчтэй өвдсөн шинж тэмдэгтэй байгаа аж. Бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовиур илэрсэн байна.
Ослын шалтгааныг сургуулийн захирал "Их завсарлагаанаар цайны газар дотор байсан хүүхдээс нулимс асгаруулагч, эсвэл хий цацсан байж магадгүй болзошгүй" гэж тайлбарласан байна. Одоогоор сургуулийн камерыг шүүж байгаа, эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдэд анхан шатны тусламж үзүүлж байгаа аж.
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч н.Жавхлан:
- Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн их завсарлагааны үеэр ахуйн газ цацагдсан байж болзошгүй гэдэг дуудлагыг анх өгсөн. Мэргэжлийн байгууллагууд бүгд ажилласан. Хэргийн газарт үзлэг хийгдэж, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Миний авсан мэдээллээр ахуйн газ биш гэдэг нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар тогтоогдсон мэдээллээр тухайн сургуулийн сурагч нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч цацсан байж магадгүй" гэсэн мэдээллийг өгөв.
Дархан-Уул аймгийн DBS телевизийн сурвалжилгыг та бүхэнд хүргэе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.