СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зогсоолын төлбөрийг дөрөв дэх цагаас эхлэн цаг тутам 4500 төгрөг байхаар төсөлд тусгажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын төв хэсэгт авто зогсоолын хүрэлцээ, хүртээмж бага, олон цагаар автомашиныг байрлуулсны улмаас шалтгаалж иргэд сул зогсоол хайж, үргүй зорчилт хийх, зориулалтын бус газар тээврийн хэрэгслээ байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулах зэрэг нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна.

Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай.

НИТХ-ын 2009 оны 4/27 дугаар тогтоолоор баталсан Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журмын дагуу замын байгууламж ашигласны төлбөрийг хурааж, Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-д заасны дагуу авто замын санд төвлөрүүлж байна.

Авто зогсоолын төлбөрийг 10 гаруй жилийн өмнөх тогтоосон үнэлгээгээр авч, замын сангийн орлогыг бүрдүүлж байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага гарч байна. Тогтоолын төсөлд авто зогсоолд тээврийн хэрэгслийг байршуулахад эхний 15 минут үнэгүй, нэг цаг хүртэл 1000 төгрөг, хоёр дахь цагт 1500, гурав дахь цагт 2000, дөрөв дэх цагт 4500 төгрөг, дөрөв дэх цагаас хойш цаг тутам 4500 төгрөг байхаар тусгалаа. Ийнхүү. Түүнчлэн авто зогсоолын төлбөр нэмэгдсэнээр татвар төлөгчдийн мөнгөөр бус, авто тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн төлсөн татвараар авто замын сүлжээний өргөтгөл шинэтгэл, засвар үйлчилгээ, бусад үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэх юм.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 62.4.3 дахь заалтад заасны дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” НИТХ-ын тогтоолын төслийг олон нийтээс санал авч, хэлэлцүүлэхээр https://ulaanbaatar.mn/votes-д байршуулж байна. Мөн тогтоолын төсөлд саналаа project@ulaanbaatar.mn, ulaanbaatartrafficproject@gmail.com цахим хаягаар ирүүлэх боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.