Дарханчуудын нэрлэж заншсанаар “Нью-Йорк” толгой буюу Дархан сумын 13 дугаар багийн нутаг “Билүүт” толгойд “Залуус цогцолбор”-ыг барьж ашиглалтад орууллаа.
“Билүүт” толгойд гарч хойд зүгт харвал Дархан хот бүтнээрээ харагдана.
Дархан хот үүсгэн байгуулсны 60, 61 жилийн ойд зориулан Дархан-Уул аймгийн Засаг дарга асан, аймгийн “Хүндэт иргэн” Дамдины Хаянхярваагийн санаачилгаар “Баян Бридж” ХХК-ийн хамт олон энэхүү ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн аж.
“Залуус цогцолбор” амралт чөлөөт цаг, аялал зугаалгын бүсэд төгсөгч оюутан, сурагчид төдийгүй хүүхэд, залуусын очих дуртай дурсгалт газруудын нэг болно гэж төслийг санаачлагчид хэлсэн.
Уг бүтээн байгуулалтыг 250,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар, 60-80 хүний бүрэлдэхүүнтэй баг 1,6 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн аж. Ерөнхий гүйцэтгэгчээр “Баян Бридж” ХХК ажиллаж, “Тохь Комплекс”, “Анто Од”, “Уулс Ноён”, “Өнгөлөг шал”, “Баян төхөм шандат”, “Түмэн Зул Энержи”, “Хаан Гагнаас”, “Хатуу Төмөр”, “Элчит Ган”, “Цонх Констракшн” ХХК-ууд болон Зэвсэгт хүчний 330-р анги хамтран ажиллажээ.
“Залуус цогцолбор” амралт, аялал, зугаалгын бүсийн тохижилтын ажлын хүрээнд 1000 м2 талбайг бетон цутгамал авто зогсоол, 60м2 бетон шат, 160 м явган хүний зам, 110м ус зайлуулах талбай, нийтийн эзэмшлийн гадна гэрэлтүүлэг, сандал, хогийн сав зэргийг суурилуулжээ.
Тус цогцолборт Дархан-Уул аймгийн туг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын туг болон ХАҮТ-ын Дархан салбараас шалгаруулсан 2021 оны шилдэг аж ахуй нэгжүүдийн тугийг байрлууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.