Сийлбэрчдийн дунд гайхалтай өвөрмөц бүтээл туурвидаг хүн цөөнгүй. Сийлбэрийн нарийн арга ажиллагааг уран сэтгэмж, дотоод ертөнцийнхөө илэрхийлэл болгож өвөрмөц донж, шийдлээр харуулахын зорьдог уран бүтээлчдийн нэг яах аргагүй М.Мөнхзул. Урландаа голдуу өнждөг тэрбээр тийм ч нээлттэй хүн биш байлаа. “Оньсого шиг” санагдах түүний сэтгэлийнх нь хаалгыг онгойлгож, дотоод ертөнцөөр нь аялах амаргүй юм. Дуучин, сийлбэрч Т.Баттогтох үзэсгэлэнг нээж, хөтлөх үеэрээ “Манай сийлбэрчид олон зүйл ярьдаггүй улс. Харин бүтээл нь өмнөөс нь ярьж, их зүйл хүүрнэн өгүүлдэг юм шүү дээ” хэмээн өгүүлж байсан нь бодогдсоныг нуух юун.
Харин бүтээл, эзэн хоёр хэнээс ч илүү ойлголцдог ч юм шиг. Сийлбэрч залуугийн бүтээл урландаа хэдэн жил үзмэр болох нь тун ховор. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг дахиж харна гэдэг бүр нүдний гэм. Арга ч үгүй биз, урам зориг өгсөн, сэтгэл сэргээсэн бүтээлийг нь хүмүүс сонирхож эзнээс нь авах гэж чамгүй шалгаадаг бололтой. Уран сийлбэрч Г.Цогбаяр багшийн шавь нарын бүтээл цаанаа нэг өөр байдаг гэдгийг М.Мөнхзул ч бүтээлээрээ батлан харуулдаг. Тиймдээ ч тэр өөрийнхөө ертөнцөд өөрийнхөөрөө урлаж яваа. Ярилцах тусам өөрийнхөө ертөнцийн хаалгыг алгуур алгуур нээж, нэвтрэх “эрх” олгосон “Цой 2018” үзэсгэлэнгийн шилдэг сийлбэрчийн урланд та бүхэн одоо тавтай тухал.
Бүтээл урлахын тулд заавал удаан бодож, ямар нэгэн санаанд баригдах шаардлагагүй
-Урландаа голдуу өнждөг таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол. Сийлбэрийн өрөөнд уран бүтээлчийн амьдрал яаж өрнөдөг нь сонирхолтой санагдаж байна?
-Урлангийн амьдрал тун сонирхолтой. Уран бүтээлийн санаа хаана ч явж байхад төрнө. Заримдаа юм хиймээр санагдан шатаж байхад заримдаа юу ч хиймээргүй уйтгарлана. Юу ч төлөвлөж бодоогүй байхад бүтээл төрөх тохиолдол бий. Бүр зураг эскиз гаргахгүйгээр хараад л шууд барьж авч хийсэн бүтээл цөөнгүй. Тухайлбал, “Хар буур”. Өчигдөр урландаа сууж байхдаа нэг гоё санаа оллоо. Гэхдээ тэр жижгээр хийгдэх бүтээл лав биш. Миний төсөөлж буйгаар бол нүсэр Ланд арт, эсвэл байгалийн гэнэтийн болоод хувьсан өөрчлөгдөх үзэгдэл аадар бороо, үер, цасыг илэрхийлж хиймээр ч юм шиг тийм бүтээлийн санаа төрсөн. Би хэдийгээр сийлбэрч гэлээ зөвхөн модоор урлах ёстой гэсэн бодолд баригддаггүй. Тухайн бүтээлийн шийдэл нь ямар байна түүнд нь зохицон тохирох материал сонгодог.
-Уран зураач, уран сийлбэрч, уран дархчуудын дотоод ертөнц, бодож сэтгэж, илэрхийлж буй зүйл нь энгийн хүнийхээс тэс өөр. Тэд заримдаа өөртэйгөө өрсөлдөж, эсвэл өөрийгөө ойлгохгүй байх үе бас байдаг ч юм шиг?
-Бүтээл урламаар санагдахад урлангаасаа гарахгүй суух үе бий. Хүмүүсийн тэр бүр анзаарч хардаггүй, эсвэл ер тоодоггүй энгийн зүйл заримдаа бүтээл болох жишээтэй. Цэцэрлэгийн бага насны хүүхдүүд гутлаа буруу харуулж өмсдөг, ингээд өмсөхөөр зөв болно гэж хэдэн удаа хэлж зааж өгсөн ч дахиад гутлаа буруу харуулаад өмсчихдөг. “Цой 2018” сийлбэрийн үзэсгэлэнд тавигдсан миний “Буруу гутал” бүтээл энгийн амьдралаас, тэр дундаа манай хүүхдүүдийн өдөр бүр давтдаг үйлдлээс төрсөн. Харчихаад хүмүүс гайхаж, “ямар сонирхолтой бүтээл вэ, чамд яаж ийм санаа төрсөн юм бэ” гэж асуудаг.
Заримдаа юм хиймээр санагдан шатаж байхад заримдаа юу ч хиймээргүй уйтгарлана
-“Буруу гутал” сийлбэрчдийн үзэсгэлэнгийн сонирхолтой цөөн бүтээлийн нэг байсан. Заримд нь бүр өмсөж үзэх хүсэл төрсөн байх шүү?
-Бүтээл урлахын тулд заавал удаан бодож, ямар нэгэн санаанд баригдах шаардлагагүй. Гэхдээ юу ч хиймээргүй санагдсан үед сэтгэл хямарна. Тийм үед манай нэг найз “Чи ингэж болохгүй, энэ чинь буруу” гээд зөвлөдөг юм. Найзын “Тэгж болохгүй, ингэж болохгүй, буруу, буруу” гэж хэлсэн үг нь санагдахаар тэгвэл тэр бурууг яаж зөв болгож илэрхийлэх вэ гэж бодно. Найзыгаа буруу гэж хэлэх тусам өөдөөс нь цаашлуулаад “Буруу өмссөн гутал” гэж дуулаад инээнэ. Найзынхаа хэлсэн үгнээс санаа олж хийсэн бүтээл л дээ. Найз нөхөдтэйгээ эсвэл ойр дотныхоо хүмүүстэй ярилцаж суухдаа бүтээлийнхээ санааг олчихдог юм.
Цаас, харандаа бариулаад зур гээд суулгасан бол зураач, сийлбэрч болох байсан болов уу гэж эргэлздэг
-Сонирхлыг чинь юу тэгтэл их татаж мод, зоргодостой нөхөрлүүлчихэв ээ?
-Би хүүхэд байхаасаа сонин зүйл сонирхдог байсан. Хүмүүс хүүхдүүдээ сонирхсон тэмцээн дугуйланд нь явуулдаг бол манай аав, ээж харин ч эсрэгээрээ “Чи зургаар хоолоо олж идэхгүй. Хичээлээ сайн хий” гэдэг байв. Аав ээжийгээ хүсэл сонирхлыг минь хорих тусам би анги дээрээ очоод нууцаар зураг зурна. Ангид маань О.Ням-Очир гээд сайн зурдаг зураач хүүхэд байв. Одоо тэрбээр галиграфаар бичдэг уран бүтээлч. Түүний дэргэд зураг зурна гэхээс ичдэг байлаа үнэндээ. Хаана ч тааралдсан хүмүүс надад “Чи наад зургаа боль, хэрэггүй” гэж хэлнэ. Хорих тусам би хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэсэн. Хичээлээ хийж байгаа дүр үзүүлээд ихэнх цагаа зураг зурж өнгөрүүлнэ. Хэрвээ намайг бүгд дэмжсэн бол уран бүтээлч болох зам сонгохгүй ч байсан юм бил үү. Эсэргүүцэлтэй тулгарах тусам хүний хүсэл тэмүүлэл, сонирхол, зорилго илүү бадарч хурцлагддаг юм билээ. Миний бүх зүйлийг бэлдэж цаас, харандаа бариулаад зур гээд суулгасан бол зураач, сийлбэрч болох байсан болов уу гэж эргэлздэг юм. Тэмцэл заримдаа хүнийг хүсэл сонирхлынхоо төлөө амьдрах, бас урагшлах зам нь болж өгдөг ч юм шиг.
Эсэргүүцэлтэй тулгарах тусам хүний сонирхол, зорилго илүү бадарч хурцлагддаг юм билээ
-Хүмүүсийн эсэргүүцэл таныг сийлбэрч болох зам руу хөтөлжээ. Энэ миний хүсэл мөрөөдөл юм байна гэж зориглоод зүтгэчихсэнээ зөв алхам хийсэн гэж боддог уу?
-Гэхдээ өөрийгөө зураач болно гэж бодож байгаагүй. Хүсэл мөрөөдөлдөө алгуур алгуурхан хөтлөгдсөөр наймдугаар ангиа дүүргээд Гандигийн нэрэмжит үйлдвэр урлалын сургуульд орж, сийлбэрч М.Уламбаяр багшийн шавь болсон. Хотын унаган хүүхэд болохоор морь, мал байтугай хуш, нарс гэж ямар мод байдгийг ч мэдэхгүй орсон. Анх бүтээл урлах гэж их ч хөглөсөн. Багшийн зааснаар мод таньдаг болж, юм хийх дөртэй болсон тийм үедээ ДУДС-д элсэн орж суралцсан.
-Та нэлээд хэдэн үзэсгэлэнгээс шагнал хүртсэн. Аав, ээж тань одоо хүлээн зөвшөөрчихсөн байлгүй дээ?
-Аав, ээж одоо учиргүй дургүйцэхээ больсон л доо. Манай аав барилгын мэргэжилтэй, ээж тогооч. Би үзэсгэлэн гаргасан ч урьдаггүй, тэд ч үзье гэдэггүй юм. “Цой 2018” үзэсгэлэнд шилдгээр шалгарсан бүтээлийг маань одоо ч хараагүй яваа. Би энэ үзэсгэлэнд өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. Залуу уран бүтээлчдээс Б.Отгонжаргалын “Оньсого”, мөн Дашбаярын модны үндсээр урласан нэг их утга, гүн гүнзгий санаа агуулаагүй энгийн хэрнээ сонирхол татсан бүтээл, мөн Ц.Батмөнхийн “Нүүдэл” бүтээл их таалагдсан. Тэр үед сийлбэрчдийнхээ урласан бүтээлүүдийг хараад сэтгэл их сэргэсэн шүү.
Хотын хүүхэд болохоор морь, мал байтугай хуш, нарс гэж ямар мод байдгийг ч мэддэггүй байв
-Хамгийн сүүлд найзуудтай ямар сэдвээр сэтгэлээ сэргэтэл ярилцав?
-Би найзуудтайгаа урландаа голдуу өнждөг. Өчигдөр шөнийн 03 цаг хүртэл бүтээл урлаж суухдаа хоёр найзтайгаа Оросын урлагийн тухай, монгол сийлбэрчдийн өвөрмөц бүтээлийн тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Миний хувьд сүүлийн үед урлагдаж буй баримлын бүтээлүүдийг интернэт, фэйсбүүкээс үздэг. Дэлхийн алдартай зураачдаас П.Пикасо, В.Ван Гогийн зурсан зургуудыг сонирхож харна.
Хаана ч тааралдсан хүмүүс надад “Чи наад зургаа боль, хэрэггүй” гэж хэлдэг байлаа
-Сийлбэрийн чинь бүтээлд бух их байх юм. Ямар учиртай юм, бэлгэшээдэг юм уу?
-Би бух сийлэх дуртай. Түлэх гээд хаясан мод ашиглаад хийж буй бүтээл. Зарим нэг бүтээл заавал том, үнэтэй материалаас төрөх албагүй. Өөрийнхөө “Хөдөлгөөн” бүтээлийг энэ жилийн “Цой 2018” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр шалгарна гэж үнэндээ санаагүй, өөр хүний бүтээл түрүүлэх байх гэж бодож байлаа. Г.Цогбаяр багшийн шавь нараас “Цой 2017”, “Цой 2018” үзэсгэлэнг манай ангийн нөхөд зохион байгуулсан. Энэ үзэсгэлэн өмнө нь цомгүй болдог байв. “Цой 2017” үзэсгэлэнгийн шилдгийг шилдэг бүтээлд олгосон, мөн энэ жилийн үзэсгэлэнгийн цомыг ч би урласан. Өнгөрсөн жилийн цомыг сийлбэрч Б.Гонгор хүртсэн.
Үзэсгэлэн нээгдэхэд найзууд маань үзчихээд “Чи урласан цомоо өөрөө авчих юм биш үү” гэж билээ
Энэ жилийн цомыг урлаж байхдаа найз нартаа “Энэ цомыг гоё хийх гэж их хичээл зүтгэл гаргаж байна, үүнийг хүртэх хүн их азтай нөхөр байх даа” гэж байлаа. Үзэсгэлэн нээгдэхэд найзууд маань үзчихээд “Чи урласан цомоо өөрөө авчих юм биш үү” гэхэд нь “Өө юу гэж дээ, өөр хүний бүтээл шилдгээр шалгарч авах байлгүй дээ” гэж хэлсэн. Хүмүүс үзчихээд хоорондоо “Сийлбэрийн олон бүтээл байна. Түрүүлэх бүтээл гэвэл энэ хар бух л байна” гэж ярьж байв. Миний хувьд өөрийгөө гэхээс илүү Ц.Батмөнхийн бүтээл шалгарах болов уу гэж бодсон. “Цой” үзэсгэлэнгийн нэр нь ”Цойлох” гэсэн утгатай юм шүү дээ.
-Сийлбэрийг ямар материал дээр хийвэл илүү зохицдог вэ?
-Модноос нарс, хар мод их хатуу. Хуш зөөлөн болохоор сийлбэр хийхэд амар байдаг. Нойтон хушаар бүтээл хийхэд зорж суухад их урамтай. Миний ихэнх бүтээл өөрт маань байдаггүй юм. Ихэнх нь зарагдсан, эсвэл найз нөхдөдөө бэлэглэчихдэг. Би хүний бүтээл хараад, юуны тухай гаргах гэж зорьсныг мэдэрдэг мэдрэмжтэй хүнд дуртай. Хэдий мөнгөгүй ч гэсэн тухайн бүтээлийг ойлгож мэдрээд, сонирхон үзэж байгаа хүнээс “Энэ бүтээл таалагдаж байна уу, таалагдаж байгаа бол танд бэлэглэе” гэхээр өөдөөс гайхаад “Баярлалаа, гэхдээ ийм гоё бүтээлээ зүгээр өгч болж байгаа юм уу” гэдэг юм. Надад тухайн хүний бүтээлээс нь өөрийнх нь дотоод ертөнцийн мэдрэмжийг өөрийнхөө мэдрэмжээр олох харах гэж хичээж байгаа нь сонирхолтой санагддаг. Хүнээс “Баярлалаа” гэдэг чин сэтгэлийнх нь харамгүй үгийг сонсох сайхан.
Өндөр үнээр авах санал тавьсан ч би хүлээж авалгүй буцаасан удаа цөөнгүй
Зарим үед урласан бүтээлийг минь хэд хэдээр нь худалдаж авч чадах чинээлэг мөнгөтэй хүмүүс ч таардаг. Гэхдээ тийм хүмүүст би бүтээлээ худалдаггүй. Учир нь тэд мэдрэхээсээ илүү зүгээр л сонирхож, цуглуулах, эсвэл гэртээ гоёл болгож тавих бодолтой байдаг. Миний хэлснээс хэд дахин нугалж, өндөр үнээр авах санал тавьсан ч би хүлээж авалгүй буцаасан удаа цөөнгүй. 2013 онд зураач, барималчдын үзэсгэлэн гарахад миний “Дуудлага бүтээл” шалгарч, өөрийн бие даасан үзэсгэлэн гаргах эрхээр шагнуулж байв. 2014 онд “Эрч” нэртэй уран бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргасан. “Эрч” үзэсгэлэнгийн бүтээлүүд бүгд зарагдсан. Тэр үед би овор ихтэй, томоохон хэмжээний бүтээл урладаг байв. Одоо материалаа ашиглаад аль болох хаяхгүйг хичээж овор багатай бүтээлүүд урлаж байна.
Надад хэн нь ч чи багшийнхаа зааснаар урласан байна гэж хэлдэггүй
-Г.Цогбаяр багшийн шавь нарынх нь бүтээл ямар нэгэн арга барил, төрөл зүйлд баригдаагүй нь анзаарагддаг л юм?
-Багш маань их дуугүй хүн. Бидэнтэй нэг их яриад байхгүй. Зааж зөвлөх зүйл гарвал хэлж өгчихөөд алсаас хараад явна. Гэтэл нөгөө ангийн багш нар шавьтайгаа нэг бүрчлэн тулж ажиллаад ойр дотно харилцана, зөвлөгөө өгнө, чадахгүй зүйлд нь өөрөө оролцоод тусална. Манай ангийнхан тэдний тийм нээлттэй байдлыг харчихаад атаархана. Тэгээд хоорондоо “Цогоо багш бидэнтэй тоож ярихгүй, ер тулж ажиллахгүй юм” гэж шүүмжилнэ. Сургуулиа дүүргээд чөлөөт уран бүтээлч болж бүтээл урлаад эхэлтэл багшийн маань заадаг байсан арга барил хамгийн зөв байсан.
Бүтээл урлаад эхэлтэл багшийн маань заадаг байсан арга барил хамгийн зөв байсан
Багш өөрийнхөө бүтээлийн санаа бодлыг бидэнд хэзээ ч тулгадаггүй, өөрийнх нь мэдрэмжид тулгуурлаж бүтээл урлуулахыг зорьдог. Одоо бид өөр өөрийн гэсэн чиглэлтэй. Тэр чиглэлийнхээ дагуу өөр, өөр өнгө аяс, төрхтэй бүтээл туурвиж буй. Гэтэл багштайгаа өдөр бүр тулж ажиллаж байсан нөгөө ангийн нөхдийн бүтээлээс багшийнх нь арга барил харагддаг. Үзэсгэлэнд тавьсан бүтээлийг нь хараад тэр зураачийн шавь байна гээд таньдаг. Багш бидэнд хичээл заагүй юм шиг санагддаг хэрнээ заачихсан л байдаг. Энэ бүхнийг амьдрал дээр гараад л мэдэрсэн. Бүтээлийг маань үзсэн хүмүүсээс надад хэн нь ч чи багшийнхаа зааснаар урласан байна гэж хэлдэггүй. Тэгэхээр би өөрийнхөө ертөнцөд өөрийнхөөрөө л урлаж яваа.
Багш бидэнд хичээл заагүй юм шиг санагддаг хэрнээ заачихсан л байдаг
-Шилдгийн шилдэг уран бүтээлийн шагнал гардаж авч байхад багш тань үнсээд урам хайрлаж байсан шүү дээ?
-Багш урам хайрлаж байна гээд олон үг хэлээгүй. Надад “Миний хүү ухаантай байгаарай” гэж хэлсэн. Энэ үгээрээ олон зүйл хэлж ухаарлын урам хайрласан. Г.Цогбаяр багшийн амнаас “Баяр хүргэе шавьдаа. Сайхан бүтээл урлажээ” гэдэг үг гарахгүй. Магтаалын үгэнд багш их харам, тэр бүр сайхан үг унагахгүй шүү. Угаасаа ч ингэж хэлэх стильтэй хүн биш. Энэ утгаар яривал багш магтаж, муулдаг уран бүтээлч биш л дээ. Багшийн үе үеийн шавь нар нь хоорондоо холбоотой байдаг юм.
Магадгүй, миний бодол зарим хүнд сонин санагддаг байх л даа
-Мөнхзулын бүтээлүүд хар өнгөтэй байдаг. Яагаад ийм хүнд өнгө сонгодог юм бэ?
-Хар өнгө хүнд санагддаггүй, харин ч бүх зүйлд зохицдог. Товчхон хэлбэл миний нүдээр харвал ариун, сонгодог өнгө. Би мод унаад хагарвал хагарсан тэр хэсгээр юу урлаж болох вэ гэж боддог. Магадгүй, миний энэ бодол зарим хүнд сонин санагддаг байх л даа.
-“Буруу гутал” дахиад нэг бүтээл болох нь ээ. Гэхдээ хүүхдэд зориулагдсан юм уу даа гэж бодогдлоо?
- Тийм ээ, хүүхдүүдэдээ зориулж урлаж байгаа юм. Гэр бүл маань намайг сайн ойлгож дэмждэг. Заримдаа нийгмийн амьдралаас хөндийрч, гэр орны ажлыг мартаад урландаа хэдэн өдөр дараалж шөнө дөл болтол суух үе гардаг. Хэрвээ гэр бүл маань ойлгодоггүй байсан бол би дорвитой бүтээл урлаж чадахгүй. Манай эхнэр эмч мэргэжилтэй.
Хүүхдийн ертөнц гэгээн, хүсэл мөрөөдөл нь цагаан, ярьдаг зүйл нь сонирхолтой
Хийж байгаа зүйлийг маань хараад санаа хэлнэ, жижиг сажиг алдааг олж хараад “Харахад гоё байна, гэхдээ тэр зүйл нь ийм байвал ямар болох бол” гээд хэлдэг. Бүтээл хараад ойлгох мэдрэмжтэй. Хүүхэд байхдаа дүрслэх урлагийн дугуйланд суралцаж байгаад эмч мэргэжил сонгосон. Хүүдүүдийнхээ өдөр тутам хэрэглэдэг зүйл, ярьж буй хөгжилтэй ярианаас санаа авч бүтээлдээ харуулахыг боддог. Хүүхдийн ертөнц гэгээн, хүсэл мөрөөдөл нь цагаан, тэдний ярьдаг зүйл сонирхолтой. Тухайлбал, өдөр бүр иштэй чихэр идэх гэж нэхнэ. Үүнийг бүтээл болгож модоор урлаж болно.
Үндэсний бөхөөр хичээллэдэг байхдаа сум, аймгийн наадамд барилддаг байлаа
-Одоо хоёулаа уран бүтээлээс хазайгаад энгийн сэдвээр ярилцъя, болох уу. Өөртэй чинь ярилцах зуураа бөхийн спортоор хичээллэдэг болов уу гэсэн сониуч бодол төрлөө л дөө?
-Тийм ээ, үндэсний бөх сонирхож барилддаг байсан. Нэг хэсэг хичээллэдэг байхдаа сум, аймгийн наадамд барилдаж байв. Сүхбаатар аймгийн 70 жилийн ойн баяр наадмаар намайг гурвын даваанд улсын заан Ч.Батзориг амлаж аваад унагаж байлаа. Би бөх найзуудтай. Говь-Алтай аймгийн, аймгийн арслан Сүхбаатар найзын маань цолны мялаалга саяхан болоход арслан урлаж өглөө. Надаар арслан урлуулсан хэдэн бөх найз бий. Жинхэнэ монгол эр хүнд байдаг нандин сайхан зан чанаруудыг тэднээс олж хардаг. Хааяа тэдэнтэйгээ уулзсан үед урлагаас түр холдож спортын тухай сонирхолтой яриа өрнүүлдэг юм.
Халтуур, захиалгын бүтээлээс аль болох татгалздаг
-Амралтын өдрөөр хааяа хормогч өмсөөд хоол зэхдэг үү?
-Надад тогооч мэргэжил сонирхолтой санагддаг. Үргэлж биш ч гэлээ хааяа гэртээ хоол хийдэг. Ясны шөлтэй гурилтай хоол хийх дуртай. Чөлөөт цаг гарвал урлангийнхаа найзуудтай хотоос гарч дугуйтай аялал хийнэ. Зун морьтой аялж, уул хадаар явах дуртай. Урлангийнхаа өрөөнд найзуудтайгаа алжаал тайлж дартс шиднэ, дээс тоглоно, хөгжмөө чангалж байгаад бүжиглэнэ.
-Урландаа нам гүм сууж байгаад нийгмийн амьдрал руу орохоор ямар бодол төрдөг вэ?
-Би бүтээл барьж авсан бол толгойгоо ч цухуйлгадаггүй. Гадуур ямар үйл явдал өрнөж байгаа нь сонин биш. Заримдаа улс оронд юу болоод өнгөрснийг ч анзаардаггүй, мэдэхгүй өнгөрнө. Дараа нь найзуудаасаа сонсож мэдээлэл авна. Урлангаасаа гараад олны амьдрал руу орохоор өөрийн эрхгүй бачуураад эхэлдэг. Заримдаа урлангийн өрөө сайхан хэрнээ зовлонтой ч санагдах үе бий. Урлан руу яаран ирэх тусам цаг хугацаа хурдан өнгөрөөд байх шиг санагддаг. Би халтуур, захиалгын бүтээл урлах дургүй. Хийе гэсэн ч хэв загварт баригдмал болохоор гараас гарах гэж удна. Бүтээлээ зарах гэж бус сонирхолтой болгох гэж урладаг болохоор аль болох хүний захиалгаас татгалздаг. Саяхан миний урласан бух нэг танил ахад маань их таалагдсан байна билээ. Тэр хүн надад бүтээл захиалаагүй, харин би түүнд зориулж бух урлаж өгнө гэж бодож байгаа. Захиалгын бүтээлээс уран бүтээлч хүний өөрийнх нь гоё сонирхолтой санаа харагддаггүй юм.
Найзууд хоббиг маань дэмждэг. Төрсөн өдрөөр цуглуулгыг маань баяжуулдаг
-Таныг сонин хоббитой гэж сонссон. Виски, коньяк, асаагуур цуглуулах тийм их сонирхолтой санагддаг хэрэг үү?
-Чөлөөт цагаараа сонирхож цуглуулдаг байсан зүйл маань аажим аажмаар хобби болж хувирсан. Одоо ч коньяк, асаагуур тоогоо алдсан, би ч тоолдоггүй юм. Хүмүүс надаас “Цуглуулсан коньякоо уух бодол төрдөг үү, хааяа уумаар санагддаг биз дээ. Хамгийн ховор, хамгийн гоёос нь шилээд уудаг уу” гэж их асуудаг. Миний хувьд цуглуулгаа баяжуулж нэмэхээс биш уух хүсэл төрдөггүй юм. Асаагуурыг галын дөл өөдөө гэж бэлгэшээдэг. Найзууд хоббиг маань дэмждэг. Төрсөн өдрөөр цуглуулгыг маань баяжуулж, өмнө нь үзэж хараагүй сонин гоё савлагаатай виски, коньяк, эсвэл этгээд загвартай асаагуур бэлэглэдэг. Хааяа зочилж ирсэн найз нөхдөдөө “За найзаа цуглуулганаас маань хамгийн дуртай виски, коньяк сонгоод уугаарай” гэдэг. Тэгэхээр “Өө яах юм, найзынхаа цуглуулганы ховор нандинаас хүртэхгүй ээ, харин хамгийн түгээмэл байдгаас нь хүртэе дээ” гэнэ. Хааяа цуглуулгаа харахаар стресс тайлагдах шиг болдог.
-Би олон хүний хоббиг сонирхон ярилцаж байлаа. Харин асаагуур цуглуулдаг хүнтэй анх удаа л таарч байна?
-Тийм үү, хоббигоо олонд дэлгэж хуваалцдаггүй хүмүүс байдаг. Би ганцаараа асаагуур цуглуулдаг гэж бодохгүй байна. Надаас өөр хүмүүс цуглуулдаг байж болох. Би бага байхдаа асаагуур цуглуулах дуртай байв. Нэг өдөр парк руу тоглох гэж яваад сугалаа татлаа. Тэгсэн тэр олон сугалаанаас шүдэнз таарлаа, уур хүрсэн гэж жигтэйхэн. Урамгүйхэн зогсож байтал аав “Зүгээр ээ, миний хүү эр хүнд гал хэрэг болдог юм. Харин бэлгэшээлтэй сайхан зүйл таарлаа” гээд аргадаж билээ. Аавын хэлсэн үг мартагдахгүй бодогддог болохоор цуглуулгаа жилээс жилд баяжуулсан. Надад этгээд дэгжин, давтагдашгүй өвөрмөц загвартай шил, шаазан, ваар, тамхины хайрцаг таалагддаг. Найзууд маань гайхаад “Чи ямар сонин эмэгтэй хүн шиг ертөнцтэй хүн бэ. Юм болгоныг хараад гоё гэх юм” гэж цаашлуулдаг юм.