Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Элон Маск "Твиттер" олон нийтийн сүлжээний платформыг 44 тэрбум ам.доллароор худалдан авч, тус компанийг бүрэн хяналтдаа оруулан, томоохон удирдах албан тушаалтнуудыг нь аль хэдийн халсан гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.
Энэхүү худалдан авалтын талаар Ноён Масктай сүүлийн хэдэн сарын турш зөрчилдөж, шүүхэд хүртэл хандаад байсан "Твиттер"-ийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч тус компанийн нөлөө бүхий хөрөнгө оруулагч Росс Гербер гэрээ батлагдсаныг "BBC" агентлагт хэлжээ. Мөн тус олон нийтийн сүлжээний платформын хувьцааны арилжааг баасан гарагт зогсооно гэж Нью-Йоркийн хөрөнгийн биржийн цахим хуудсанд зарласан юм.
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, "Твиттер"-ийн Гүцэтгэх захирал Параг Агравал, Санхүү хариуцсан захирал Нед Сегал, Хууль эрх зүй, бодлогын захирал Вижая Гадде нар бүгд ажлаасаа халагдсан бөгөөд ноён Агравал болон Сегал нарыг Сан Франциско дахь төв байрнаас гаргасан аж. Харин тус компанийн хамтран үүсгэн байгуулагч Биз Стоун "хамтын хувь нэмэр оруулсан" Агравал, Сегал, Гадде нарт талархал илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.
Элон Маск өмнө нь "Твиттер"-ийг ашиг орлогын төлөө биш, харин хүн төрөлхтөнд тусалж, "соёл иргэншлийн нийтлэг дижитал талбартай болгохын тулд" худалдаж авч байгаа хэмээн тэмдэглэж байсан.
Тус компаниас шинэ удирдлагынхаа талаар ямар хараахан мэдээлээгүй байгаа ч ноён Маск Гүйцэтгэх захирлын албан тушаалд очихгүй гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ тэрээр уг компанийг удирдах нь тодорхой бөгөөд өрийг нь барагдуулахын тулд ажиллах хүчнийх нь бараг 75 хувийг хална гэх мэдээлэл тархаад байсан билээ. Харин Элон Маск үүнийг үгүйсгэж, ийм том хэмжээний цомхотгол хийхгүй хэмээн амласан юм.
Эх сурвалж: BBC, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.