Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунак өнгөрөгч мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Лондонгийн зүгээс Киевт үзүүлэх дэмжлэг хэвээр байхыг амласан гэж албаныхан мэдээлжээ.
Тодруулбал, "Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаанд Их Британиас Украинд үзүүлэх дэмжлэг өмнөхийн адил хүчтэй байх бөгөөд Засгийн газар нь цаашид ч эв санааны нэгдэлтэй байна гэдэгт Ерөнхийлөгч Зеленский итгэлтэй байж болохыг амласан" гэж ноён Сунакын ажлын албаны мэдэгдэлд дурдсан байна.
Түүнчлэн, ОХУ-ын эсрэг "эдийн засгийн хориг арга хэмжээг үргэлжлүүлэх" замаар Москвад дарамт шахалт үзүүлэх шаардлагатай гэдэгт хоёр удирдагч санал нэгдсэн ба Ерөнхий сайд Сунак Ерөнхийлөгч Зеленскийтэй удахгүй уулзана гэж найдаж буйгаа хэлжээ.
A privilege to speak to the President of Ukraine @ZelenskyyUa this evening.
— Rishi Sunak (@RishiSunak) October 25, 2022
Both he and the Ukrainian people can count on the UK's continued solidarity and support.
We will always stand with Ukraine. pic.twitter.com/ycVr3K0DVS
Ноён Сунак мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ярилцаж, Украиныг дэмжих болон БНХАУ-ын зүгээс ирж буй сорилтуудыг шийдвэрлэх асуудалд хамтран ажиллахаар тохиролцсон гэж Цагаан ордноос мэдэгдсэн юм. Хоёр эрхэм АНУ, Их Британийн "онцгой харилцааг" дахин тодотгоод, дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахын төлөө хамтран ажиллахаа амласан гэжээ.
Ерөнхий сайд Сунак, Ерөнхийлөгч Байден нар ирэх сард Индонезид болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах төлөвтэй байна.
Эх сурвалж: TASS, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.