Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн хөтөлбөрт Монгол судлалыг оруулсны 90 жилийн ой, Унгар Улсын нэрт эрдэмтэн, дорно дахины хэл судлаач, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор Лигети Лайош-ийн мэндэлсний 120 жилийн ойн хурал 2022 оны аравдугаар сарын 18-ны өдөр Будапешт хотноо болжээ.
Элчин сайд С.Баатаржав, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян тэргүүтэй МУИС, МУБИС-ийн 8 багш, судлаач уг хуралд оролцсон байна.
Элчин сайд С.Баатаржав хурлын нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ тус сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим, Монгол судлалын төв нь Монголын түүх, соёл, хэл судлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үе үеийн Монгол судлаачдыг бэлтгэхийн зэрэгцээ хоёр талын боловсрол, соёлын салбарт амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглэн талархлаа илэрхийлсэн байна. Тэрээр мөн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Л.Энх-Амгалангийн захидлыг гардуулжээ.
Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийг 90 гаруй хүн Монгол судлалаар төгссөнөөс 20 гаруй нь эрдмийн зэрэг хамгаалсан байна.
Хурлын төлөөлөгчид аравдугаар сарын 19-нд Унгарын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын сан хөмрөгтэй танилцан, Хопп Ференцийн нэрэмжит Азийн урлагийн музейд зочилж, “Гэр ба сүм хийд” сэдэвт үзэсгэлэнг сонирхжээ. Төлөөлөгчид энэ үеэр тус музейн хамт олонд Боловсрол, Шинжлэх ухааны сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Л.Энх-Амгалангийн талархлын захидлыг гардуулсан аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.