"ACLED" төрийн бус байгууллагын цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд, энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд дэлхийн 90 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн ард иргэд шатахууны үнийн өсөлт болон хомстолтой холбоотой эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныг "BBC" агентлаг тогтоожээ.
Сонирхолтой нь, эдгээр орны гуравны нэгт нь өнгөрсөн онд шатахууны асуудлаар ямар ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөгүй аж. Жишээлбэл, Испанид 2021 онд ийм төрлийн жагсаал огт гараагүй ч энэ оны гуравдугаар сард л гэхэд 335 жагсаал болсон байна. Мөн Индонезид өнгөрсөн онд шатахууны үнийн эсрэг ердөө 19 жагсаал болсон бол энэ жил 600 гаруй жагсаал өрнөж, харин Эквадорт зөвхөн өнгөрөгч зургадугаар сард мянга гаруй эсэргүүцлийн жагсаал бүртгэгджээ.
Ийнхүү сүүлийн есөн сарын хугацаанд Антарктидаас бусад бүх тивд шатахуунтай холбоотой эсэргүүцлийн хөдөлгөөн газар авсан байна.
Дэлхийн хэмжээнд шатахууны үнэ өсөж байгаа нь олон хүчин зүйлээс үүдэлтэй бөгөөд Украины дайн бол үүний ердөө нэг хэсэг. Коронавирусийн цар тахлын эхэн үед олон бизнес үйл ажиллагаагаа зогсоож, эрчим хүчний эрэлт буурсан тул боловсруулаагүй нефтийн үнэ хямдраад байсан. Гэхдээ амьдрал эргээд "хэвийн байдалдаа" орох үед эрчим хүчний эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэж, ханган нийлүүлэгчид үнээ өсгөхөд хүргэсэн билээ.
Түүнчлэн, америк долларын евро, фунт, юань, иен зэрэг бусад гол валюттай харьцах ханш хамгийн дээд цэгтээ хүрсэн нь асуудлыг улам даамжруулаад байна. Бензин үйлдвэрлэхэд ашигладаг газрын тосыг ам.доллароор худалдаж авдаг бөгөөд тус валюттай харьцуулахад сул үндэсний мөнгөн тэмдэгттэй орнуудад шатахуун улам үнэтэй болох юм.
Үүнээс гадна, ОХУ Украинд түрэмгийлсэнтэй холбогдуулан дэлхийн олон улс орон Оросын газрын тосны импортод хориг тавиад байгаа билээ. Үүний улмаас бусад үйлдвэрлэгчийн газрын тосны эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөөд байна.
Олон улсын Засгийн газрууд эдийн засгийн хямралыг шийдвэрлэх арга замыг хайж байгаа ч эсэргүүцлийн хөдөлгөөнүүд үргэлжилсээр байна. Зарим оронд тайван жагсаалууд өрнөж байгаа ч зарим бүс нутагт нөхцөл байдал хурцдаад байгаа ба өнгөрсөн есөн сарын хугацаанд эсэргүүцлийн жагсаалд оролцсон 80 гаруй хүн амиа алдсан болохыг "ВВС"-гийн судалгаагаар тогтоожээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.