БНСУ-ын Хууль зүйн яам ирэх долоо хоногийн мягмар гаргаас эхлэн бичиг баримтгүй гадаадын иргэдэд тавих хяналтаа чангатгана гэж мэдэгджээ.
Тодруулбал, тус яам нь Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Эргийн хамгаалалтын албатай хамтран хоёр сарын хугацаанд (2022.10.11-2022.12.10) хууль бус цагаачдыг илрүүлэх ажиллагааг зохион байгуулах аж. Үүний хүрээнд, голчлон хүргэлтийн үйлчилгээ, массажны газар болон хар тамхины худалдаа наймааны салбарт ажилладаг бичиг баримтгүй цагаачдыг илрүүлэхэд анхаарах бөгөөд гэмт хэрэг ихээр гардаг зарим байрлалд алба хаагчид тогтмол эргүүл хийнэ гэжээ.
Мөн хууль ёсны шалтгаангүйгээр шаардлагыг биелүүлэхээс татгалзсан хүмүүсийг шалгахын тулд нэгжлэг хийх зөвшөөрөл авна гэж яамны зүгээс мэдэгдсэн юм. Цагаачдыг шалгахдаа мөрдөх хүний эрхийн удирдамжид энэ оны наймдугаар сарын 1-нд оруулсан өөрчлөлтийн дагуу нэгжлэг эхлэхээс өмнө тухайн хүнээс зөвшөөрөл авах шаардлагатай болжээ. Үүнээс гадна, яамны албан тушаалтан өөрийн нэр, албан тушаал болон шалгалт, нэгжлэг хийж буй шалтгаанаа илчлэх ёстой аж. Харин холбогдох хууль тогтоомж зөрчсөн хүмүүсийг албадан гаргаж, тодорхой хугацаанд тус улсын хилээр дахин нэвтрэхийг хориглоно гэжээ.
Тус улсын Хууль зүйн сайд Хан Дун Хун бичиг баримтгүй цагаачдын эсрэг тууштай, зарчимтай тэмцлээ үргэлжлүүлэхээ тэмдэглээд, "Хууль ёсны дагуу оршин суух тодорхой журам тогтоох нь үндэсний эрх ашигт нийцсэн цагаачлалын уян хатан бодлогын үндэс" хэмээсэн байна.
Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш Өмнөд Солонгосын Хууль зүйн яам тус улсад оршин суудаг хууль бус гадаадын иргэдийн дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хянах ажилд төвлөрч байсан ч сүүлийн үед бичиг баримтгүй цагаачдын тоо нэмэгдэж байгаа нь Засгийн газрыг эргээд хатуу байр сууриа баримтлахад хүргэсэн гэж яамны зүгээс мэдэгдсэн юм.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.