АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп "CNN" сувгийг өөрийг нь гүтгэж, нэр төрийг нь гутаан доромжилсон хэргээр шүүхэд өгч, 475 сая ам.долларын нөхөн төлбөр хүсэмжилсэн нь ил болжээ.
Флорида мужийн холбооны шүүхэд өнгөрөгч даваа гарагт гаргасан уг нэхэмжлэлд, "CNN" кабелийн мэдээллийн суваг АНУ-ын Ерөнхийлөгч асныг "арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч", "Оросын зарц", "бослого дэгдээгч", "Гитлер" зэрэг нэр төрийг нь гутаасан үгсээр нэрлэж, дуулиан шуугиантай, худал хуурмаг мэдээллээр гүтгэхийг оролдсон гэж өмгөөлөгчид нь бичсэн байна.
Түүнчлэн, "CNN" агентлаг Дональд Трампыг улс төрийн хүрээнд ялахын тулд мэдээллийн тэргүүлэх байгууллагын хувьд нөлөөллөө ашигласан гэж буруутгажээ. Трампын хэлснээр, тус суваг нь түүнийг эртнээс шүүмжилсээр ирсэн ч 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээс нь айсандаа сүүлийн саруудад халдлагаа улам нэмэгдүүлсэн аж. Харин "CNN" энэ явдлын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
76 настай Дональд Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сард албан тушаалаа өгснийхөө дараа Мар-а-Лаго дахь эдлэн газартаа Засгийн газрын нууц бичиг баримтуудыг хадгалж үлдсэн хэргээр АНУ-ын Хууль зүйн яамнаас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа билээ. Мөн Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Летисиа Жеймс ноён Трампыг хөрөнгийнхөө үнэ цэнийн талаар банк болон даатгагчдад худал хэлсэн хэмээн буруутгаж, өнгөрсөн сард шүүхэд өгөөд буй бол Ерөнхийлөгч асны дэмжигчид АНУ-ын Капитол руу халдсан хэргийг тус улсын Конгрессын хороо ба Хууль зүйн яам тусад нь шалгаж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.