ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын тусгай объект “Коммунарка” нь Москвад хэлмэгдэгсдийг олноор нь буудаж оршуулсан таван газрын нэг юм. Москва хотын "Коммунарка" дүүрэгт байрлах Үнэн алдартны сүмийн цогцолборт одоо уг газар харъяалагдаж байна.
ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссар Г.Г.Ягодаг 1937 онд баривчилсны дараа түүний “Коммунарка” зусланг Дотоод хэргийн ардын комиссариатын мэдэлд шилжүүлж, хүмүүсийг булшилдаг газар болгожээ.
Энд булшлагдагсдын олонхи нь ЗХУ-ын болон бусад орнуудын удирдах албан тушаалтнууд, цэргийн удирдагчид, дипломатууд, тагнуулчид, үйлдвэрийн захирлууд, эрдэмтэд, тэдний гэр бүл, ойр дотны хүмүүс байдаг.
Зөвлөлтийн засаг нурах хүртэл “Коммунарка” нь төрийн аюулгүй байдлын байгууллагуудын хамгаалттай тусгай объект хэвээр байсан бөгөөд тус газарт хэлмэгдэгсдийг булшилсан нь 1991 онд л олон нийтэд ил болсон юм
Тус газрыг 1999 онд Холбооны аюулгүй байдлын албаны мэдлээс Оросын үнэн алдартны шашны сүмийн мэдэлд шилжүүлж 2007 онд ойр орчимд нь дахин шинээр сүмүүд баригдсан юм. Олон нийтийн “Мемориал” хөдөлгөөний санаачилгаар олон орны сайн дурынхан тусгай объектын ойр орчмыг тохижуулсан. Ингэснээр мянга мянган хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд хэдэн арван жилийн турш ор сураггүй байсан өөрсдийн өвөг дээдсийн нойрсож буй газар ирэх боломжтой болсон юм.
Энэхүү эмгэнэлт газрын хөрсөн дор 60 гаруй үндэстэн ястны төлөөлөл болсон 32 мянган хүн, түүний дотор тухайн цаг үеийн золиос болж алтан амиа алдсан 400 гаруй монгол хүн нойрсож байна. Тэдний дунд БНМАУ-ын Ерөнхий сайд Агданбуугийн Амар, Пэлжидийн Гэндэн нарын ариун цогцос оршин буй. Бас Улсын бага хурлын дарга Д.Догсом, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дарьзавын Лосол, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан З.Шижээ, Төрийн сайд, улс төрийн зүтгэлтэн Ө.Бадрах, нэрт эрдэмтэн Цэвээнжамсранов нар үүрд нойрсжээ.
Энд монголчуудын дурсгалд зориулсан хөшөө босгуулах шийдвэрийг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс гаргаж, Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам гүйцэлдүүлэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Гэсэн хэдий ч харьд хэлмэгдсэн Монгол иргэдийн шарил төрөлх эх орондоо оршуулагдаагүй байдал, тэдгээрийн үр хойчис дурсгалыг хүндэтгэх, дурсах боломж хязгаарлагдмал байгаа нь бодит үнэн тул өнөөгийн ОХУ-д буй гэрэлт самбар бүхий цогцолборын хуулбар хувийг төрөлх Монгол нутагт нь ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’-ийн орчинд цогцлоон ‘‘Үндэсний цэцэрлэгт хүрээлэн’’-д бүтээж байна.
Тус гэрэлт самбарын нээлт энэ долоо хоногийн лхагва гарагт /2022.10.05/ болох ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.