Их Британийн хамгийн эртний компани бөгөөд зоосон мөнгөний албан ёсны үйлдвэрлэгч "Royal Mint" Цог Жавхлант Хаан III Чарльзийн хөрөг бүхий шинэ зооснуудыг олон нийтэд танилцуулжээ.
Уран барималч Мартин Женнингсийн бүтээсэн 5 фунт стерлинг болон 50 пенсийн зооснууд дээр III Чарльз хааныг Их Британийн өмнөх хаадын нэгэн адил титэмгүй сийлсэн байна. Мөн олон зуун жилийн уламжлалыг дагаж, хааныг зүүн тийш буюу өмнөх удирдагчаас нь эсрэг зүг рүү харуулж дүрсэлжээ. Харин 5 фунт стерлингийн зоосны ар талд хатан хаан II Элизабетийн хоёр шинэ хөргийг багтаасан байна. Хаан энэхүү загварыг биечлэн шалгаж, зөвшөөрсөн бөгөөд өөрийн хөрөгт сэтгэл хангалуун байгааг албаны эх сурвалж хэлсэн юм.
Зоос цуглуулагчид эдгээр шинэ зоосыг ирэх долоо хоногийн эхээр "Royal Mint" компаниас худалдаж авах боломжтой бол 50 пенсийн зооснуудыг он дуусахаас өмнө гүйлгээнд гаргах аж. Шинэ зооснуудыг эрэлт хэрэгцээний дагуу тараах бол талийгаач хатан хааны хөрөг бүхий зооснуудыг хэрэглээнээс халахгүй бөгөөд одоо гүйлгээнд байгаа 27 тэрбум зоос хүчинтэй хэвээр байна гэжээ. Харин Хаан III Чарльзийн хөрөг бүхий 1 пенсээс 2 фунт стерлинг хүртэлх зооснуудыг ирэх оны эхээр цутгаж эхлэх аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.