ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа орос эрчүүд эх орноосоо дүрвэн гарахыг завдаж, хилийн боомтууд дээр урт дараалал үүсгээд байгаа билээ. Тэгвэл орос иргэд визгүй гарах боломжтой цөөн орны нэг Гүрж улстай хил залгаа нутагт дэвсгэрт цэргийн дайчилгааны төв нээнэ гэж Кремлийн эрх баригчид мэдэгджээ.
Верхний Ларс боомтоор гарч байгаа орос иргэд Украины эсрэг дайнтай санал нийлэхгүй байгаа ч ОХУ дахь өргөн хүрээний хэлмэгдүүлэлтийн улмаас хүчгүйдэж, дүрвэхээс өөр сонголтгүй болсноо "BBC" агентлагийн сурвалжлагчид хэлж байжээ. Тэгвэл тус боомт байрлах ОХУ-ын Умард Осетийн Бүгд Найрамдах Улсын Дотоод хэргийн яам 60 алба хаагчийг хил дагуу байршуулж, "дайчилгааны насны иргэдэд" зарлан дуудах хуудас тарааж байгаа ба цэргийн дайчилгааны төвийг "нэн даруй" нээнэ гэжээ.
Түүнчлэн ОХУ-ын хил залгаа Монгол, Казахстаны боомтууд дээр ч мөн урт дараалал үүсээд байгаа билээ. Тэгвэл Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрөгч мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ "найдвар тасарсан нөхцөл байдлаас" зугтаж буй оросуудын аюулгүй, сайн сайхан байдлыг хамгаалахаа амласан. Харин Оросын Батлан хамгаалах яам цэргийн албанд татагдахгүйн тулд эх орноосоо дүрвэж буй иргэдийг ОХУ руу шилжүүлэн өгөхийг шаардахгүй гэж мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч Путин энэ сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 300 мянган нөөц цэргийг дайчилна гэж хэлсэн ч яг үнэндээ энэ тоог нууцалсан бөгөөд нэг сая хүртэлх хүнийг цэрэгт татаж болзошгүйг сөрөг хүчний хэвлэлүүд сэрэмжлүүлсэн. Үүнээс хойш Орос даяар эсэргүүцлийн жагсаалууд дэгдээд байгаа ба албаныхан одоогоор хоёр мянга гаруй иргэнийг саатуулаад байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Орос өнгөрчээ Төрийн эргэлтээ хийвэл таарна. КГБ ын Путинаа огцруулаач. Бүх нийтээр ажил хаяж жагсдаг уламжлалтайдаа