Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн энэ сарын 22-ны 19.00 цагийн үед учир битүүлгээр нас барсан талаар бид өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.
Тэгвэл ШШГЕГ-ын харьяа хорих ангийн Цагдан хорих байранд дахиад сэжигтэн нас баржээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд 64 настай Б өнгөрсөн бямба гарагт мөн л ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ.
Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай тэрбээр бусдын амийг хохироосон хэрэгт холбогдон цагдан хоригдож байсан нэгэн агаад зүрх, судасны өвчтэй, эмчийн хяналтад байсан нэгэн аж.
Уг нь хорих анги, Цагдан хорих байранд их эмч нар ажилладаг. Шүүхээр гэм буруутай, эсэхийг нь эцэслэн тогтоогоогүй хүмүүс Цагдан хорих байранд бие нь муудаж байхад эмч, сувилагч нар нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үгүйг холбогдох байгууллагынхан шалгаж тогтоох биз ээ.
Гэм буруутай, эсэхийг нь шүүх эцэслэн тогтоогоогүй байсан хоёр хүн цаг бусаар хорвоог орхисон асуудлыг ШШГЕГ-ын удирдлага анхааралдаа авч харьяа хорих ангийнхан нь удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлага ямар байсныг сайтар нягтлах биз ээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.