СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-23

Энэ жилийн "Улаанбаатар түншлэл-2022"-т гадаадын компаниуд түлхүү оролцож байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

"Улаанбаатар түншлэл-2022" олон улсын үзэсгэлэн яармагт гадаадын 70, дотоодын 30 гаруй компани оролцож байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр /2022.09.22/ нээлтээ хийлээ.

Жил бүрийн намар зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн яармагт энэ жил Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Тайвань, Оросын Холбооны Улсаас 70 гаруй компани, аж ахуй нэгж, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэн оролцож байна.

"Улаанбаатар түншлэл-2022" олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо” төвд есдүгээр сарын 25-ыг дуустал үргэлжилнэ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

- Улаанбаатар түншлэл 2022 арга хэмжээнд монгол улсын шилдэг 30 гаруй үйлдвэрлэгч аж ахуй нэгж оролцож байна. Мөн Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань зэрэг орноос 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцож байгаа нь хотын эдийн засгийг сэргээхэд чухал ач холбогдолтой том арга хэмжээ болж буйг илтгэж байна.

Нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын худалдаа, эдийн засгийн зах зээлийн 70 гаруй хувь нь төвлөрч байгаа. Тиймээс бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид маань олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, экспортлох, олон улсын чанартай бараа бүтээгдэхүүнийг импортлон, хэрэглэгчдэд хүргэх нь зорилготой үзэсгэлэн тул нийслэлийн зүгээс хамтран зохион байгууллаа.

Олон улсын үзэсгэлэн, яармагийн гол онцлог бол бизнес эрхлэгчид нэг нэгнээсээ суралцах, хамтран ажиллан, түншлэлийг бий болгож байдаг. Та бүхний хамтын ажиллагаа, түншлэлд амжилт хүсье.

“Only one” брэндийн Т.Энхтөр:


- Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцсоноор найдвартай, албан ёсны сувгаар харилцаа холбоо тогтоох, харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах боломж нээгдэж, суурь тавигдах учир бид "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэнд оролцож байна.

Үзэсгэлэнд Малайз, Тайванийн компаниуд урьд өмнөх үзэсгэлэнд оролцсон туршлагатай. Тэдгээр компаниуд Монголын зах зээлийн судалгааг хийж, дутуу дулимаг байгааг нөхөх байдлаар бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй юм. Мөн манайхаас өөрийн улсын зах зээл дэх дутууг нөхөх судалгааг ч хийдэг. Энэ утгаараа харилцан түншлэлийн боломж гэж харж болох юм.

Бүх цаг үед өгөөжөө өгсөн өндөр өгөөжтэй үзэсгэлэн гэж тодотгомоор байна.

ОХУ-ын Тюмень хотоос ирсэн бизнесмен Владимир Бакур:


- Би хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, тэр дундаа бороожуулагч, шингэн бордоо цацагч төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн ажилтан байна. Манай компани 25 жилийн туршлагатай.

Тоног төхөөрөмжөөс гадна хөдөө аж ахуйн зориулалтын хуванцар сав үйлдвэрлэдэг. Бид ОХУ, Казакстанд болсон олон улсын үзэсгэлэнд байнга оролцдог. Харин Монголд анх удаа оролцож байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн компаниудтай хамтран ажиллах болон экспортын гэрээ хэлцэл байгуулах байх гэсэн хүлээлттэйгээр ирсэн.

“Миний ээж” ХХК-ийн захирал Б.Даваасүрэн:


- "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэнд анх удаа орж байна. Намайг “Органик Монгол” компаниас урьж үзэсгэлэнд оруулж байгаа. Өргөн дэлгэр худалдаа болдог юм байна.

Миний хувьд 14 жилийн турш чацарганаа тариад, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг ч үзэсгэлэн, худалдаануудаас хоцроод байсан. “Органик Монгол” компаниас санал ирэхэд би маш их баярласан. Анхны өдөр гэхэд гүйлгээ сайн байлаа. Бусад улс орны зарим бараатай танилцлаа.

Гурван өдрийн турш үзэсгэлэн дэлгэх болохоор бүгдтэй нь танилцаж амжих байх. Хүмүүсийг ч гэсэн энд ирээд боломжоос суралцаасай гэж хүсэж байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож буй юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.